С.Баяр, А.Гансүх хоёрын хэн нь андуурав

Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног-“Жаран”-ы хагархай” ном уншигчдын гарт хүрч, олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн ярианы сэдэв болж байна.
Түүний номны эхний хэсэгт хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 60 хоногийн тухай өгүүлэх бөгөөд тэнд “”Муужруулах шахсан MOU” гэх бичвэр бий. Тэр бичвэр С.Баярын Засгийн газрын Зам тээврийн сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх нарын БНХАУ-тай байгуулсан ойлголцлын санамж бичгийн тухай өгүүлнэ. Тухайн бичигт нарийн царигийн төмөр замын сүлжээтэй болох тухай тусгажээ. Энэ нь Монголыг БНХАУ-ын нэгэн муж болгох эрсдэлтэй тухай номонд дурдсан байна.
Энэ бичвэрийн талаар дэд сайд асан А.Гансүх өөрийн цахим хуудсанаа “С.БАЯРЫН НОМОНД БИЧИГДЭЭГҮЙ ДАЛД ХЭСЭГ” хэмээн тайлбар хийжээ. Ингэхдээ тухайн хэсэгт С.Баяр гурван алдаа гаргасныг А.Гансүх бичсэн байна.
1. …Энэ үйл явдал 2009 оны 7 сард болсон. С.Баяр номондоо 2009 оны 3 дугаар сар гэж андуурчээ. Энэ бол түүний эхний алдаа. Техникийн шинжтэй л алдаа юм даа.
2. С.Баяр номондоо удирдамжтай байсан мэтээр андуурч бичжээ. Энэ бол түүний номон дахь хоёрдахь алдаа. Удирдамж гэвэл зөвхөн Ерөнхий сайдын хэлсэн “энэ хүнийг хоосон буцааж болохгүй, тавьж байгаа асуудлаар нь муудалцаж болохгүй” гэдэг чиглэл байлаа.
3.Санамж бичиг байгуулсны маргааш өглөө Ерөнхий сайд дуудаж би ганцаараа очсон. С. Баяр номондоо Х. Баттулга бид хоёр хамт очсон гэж бичсэн нь мөн алдаа. Учир нь тэр өдрийн өглөө Х.Баттулга сайд Баянхонгор аймагт тойрогтоо ажиллахаар явчихсан, эзгүй байсан хэмээн гурван алдаа “олж”, дэлгэрүүлэн бичжээ. (А.Гансүхийн постыг эндээс унших боломжтой)
Номын нээлтээ хийснийхээ дараа твиттерт нэгдсэн С.Баяр цахим хуудсанаа “Тийм дээ. Цаг хугацааны хувьд андуурсаныг А.Гансүх засчээ, талархав. Цаад үйл явдлын хувьд би биш, тэр андуурав. Төрийн ёс, жаяг гэж бий...Гадны дэд сайдыг Ерөнхий сайд урьж, зочноо болгох уу. Би зүтгүүлж зуруулсан бол, хүчингүй болго хэмээн зүтгүүлж, олон хүн бужигнуулах уу... г.м” хэмээн жиргэж, хариу барив.
Нэг танхимд Ерөнхий сайд, дэд сайдаар ажиллаж байсан хоёр эрхмийн хэн нь үнэн, худал ярьж байгааг тааварлах боломжгүй. Харин Монголын төмөр замын асуудал бол эх орны эрх ашгийн асуудал гэдгийг тааж, тааварлах гээд байх шаардлагагүй.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ