Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд асны хүү Хойд Солонгос руу дүрвэжээ  
2019-07-09

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд асан Чхве Ток Синий хүү Чхве Ин Гук БНАСАУ-ын нийслэл Пхеньянд очжээ. 


Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтан 80-аад онд Хойд Солонгос руу дүрвэсний дараа ийнхүү хүү нь 33 жилийн дараа коммунист дэглэмтэй улсыг зорьсон талаар ВВС агентлаг мэдээллээ. 


Хойд Солонгосын хэвлэлийнхний мэдээлснээр өдгөө 73 настай бага Чхве хоёр Солонгосын хоорондын харилцааг хэвийн болгох чиглэлээр ажиллах юм байна. 


Энд дуулгахад,  Хойд Солонгос руу сайн дураар шилжих нь нэн ховор үзэгдэл. Харин жил бүр мянга мянган хүн энэхүү хаалттай улсаас өмнөдийг зорьдог юм. Солонгосын хойгийн хоёр улс өнөөг хүртэл дайны дүнгээр эвлэрлийн гэрээ байгуулаагүй бөгөөд хилийн шугам олон мянган гэр бүлийг заагладаг. БНАСАУ руу очихын тулд Өмнөд Солонгосын иргэн Пхеньян төдийгүй Сөүлийн зөвшөөрлийг ч авах шаардлагатай байдаг аж. 


Харин дээр өгүүлсэн Чхве Ин Гук ийм зөвшөөрөл аваагүй гэж Өмнөд Солонгосын нэгдлийн яам батласан байна. Сүүлийн арав гаруй жил тэрбээр бүхий л шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн БНАСАУ руу зорчиж байсан бөгөөд ээжийнхээ оршуулганд оролцохдоо ч холбогдох зөвшөөрлийг ном журмын дагуу авч байжээ. 


Гэтэл энэ удаад ямар ч зөвшөөрөл авалгүй явсан тул түүнийг “зугатсан” гэж хэвлэлүүд мэдээлж байгаа бөгөөд Чхве Ин Гук Өмнөд Солонгос руу эргэн ирвэл БНАСАУ руу хууль бусаар зорчсон хэргээр түүнийг баривчлах эрсдэлтэй аж.  Өмнөд Солонгост Чхве Ин Гукын эхнэр охин хоёр үлджээ. 


Энд дуулгахад, түүний эцэг 1961-1963 оны хооронд Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын албан тушаал хашиж байсан гэнэ. Тэрбээр авлигын хэрэгт буруутгагдан, тухайн үеийн Өмнөд Солонгосын диктатор Пак Чон Хитэй сөргөлдсний улмаас эхнэрийн хамт АНУ руу цагаачлан, улмаар 1986 онд хэний ч төсөөлөөгүй шийдвэр гарган, БНАСАУ-ыг зорьжээ. Тухайн үед түүний насанд хүрсэн таван хүүхэд Өмнөд Солонгост үлдсэн байна. 


Гадаад хэргийн сайд асан Чхве ийнхүү Хойд Солонгост очсноосоо гурван жилийн дараа нас барсан бол эхнэр нь олон жил энэ улсад амьдран, 2016 онд 95 насандаа таалал төгсчээ. 


Дашрамд дуулгахад, Солонгосын дайнаас хойших 60 гаруй жилийн хугацаанд Хойд Солонгосоос Өмнөдийг чиглэн 30 гаруй мянган хүн хууль бусаар дүрвэсэн гэх албан ёсны мэдээлэл бий. Харин Өмнөдөөс Хойдыг зорьсон тохиолдол нэн ховор байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
oyun:
omnod bol shuud yabuulj bh heregtei shuu dee tend ochood tanai ulsad heregtei l bh estoi getel omnoduud muuhai harigas shuuh geed l ulairaad bdag yum haa bna ter ardchilal
2019-07-09