Нар аргамжсан гийнгоотой НААДАМ эхэллээ
2019-07-10

Хоржийлоо...Нар аргамжин гийнгоо дуу хадаж, нарлаг Монголын наадам эхэллээ. Дэнж хотойлгосон дэлгэр Монголын наадам эхэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан Хүй мандлын ногоон дэнжинд хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлдэг уламжлалтай. Өнөө жил хэн гэдэг  уяачын шандаст хүлэг түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгахыг тун удахгүй харна.

 

Эргэн сануулахад өнгөрсөн жил буюу Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 345 хурдан хүлэг бүртгүүлснээс 80 орчим үрээ шүдэлгээ, үүлдэрлэг байдлаар тэнцэлгүй хурдан морины комиссын хашаанд уяатай үлдсэн. 

 

Шандас сорьсон 265 хүлгээс Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгасан билээ. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн, айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдинядамын цоохор үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат уяач, З.Шижирбатын бор хязаалан, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр үрээ тус тус хурдалсан юм.

 

Харин хурдан шүдлэнгийн уралдаанд 201 хурдан буян шандас сорьсон. Үүнээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүлэн ирж, түмэн олныхоо өмнө торгон жолоо өргөсөн билээ.

 

Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн халиун үрээ, айргийн гуравт Сүхбатаар аймгийн Түмэнцогт сумын харъяат С.Гантөмөрийн хул үрээ, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Л.Очирсүрэнгийн хул үрээ, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр үрээ тус тус хурдалсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанаас соёолонгийн уралдаан олон нийтийн анхаарлыг татаж, наадамчин олон Хүй долоо худгийг зорих нь элбэг. Учир нь соёолонгийн тоосонд дарагдвал хийморь сэргэдэг, түрүүнд хурдалсан хүлгийн хөлсөнд хүрвэл тэр жилийн хиймороо даадаг гэх монголчуудын сүсэг бий.

 

Үнэндээ баян ходоодод орчихоод баахан урамгүй шогшуулж яваа даага харсан ч хийморь сэргэнэ дээ. Тэр “нөхөр” эрт орой хэзээ нэгэн цагт соёолон болно, эсхүл соёолон азарганы төл ч байж болох.  Үнэн хэрэгтээ хийморь гэдэг Хүй долоо худагт бус хүний сэтгэл зүрхэнд байдаг юм.

 

Тиймээс заавал соёолон нас гэлгүй дэрийтэл цогих хязаалан, шүдлэн насны морьдын уралдааныг үзэж сонирхоорой. Уралдаад ирж байгаа хурдан ажнайн туурайн төвөргөөн угаас хэний ч сэтгэл зүрхийг огшоож, аандаа хийморь сэргээнэ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Лам:
Хор Жал Лоо гэсэн тангуд үгээ хөө. Монгол ялаг гэсэн сайхан үг
2019-07-10
Иргэн:
Хоржийлоо гэдэг түвд үгийг болих цаг болсоон. Түвд тангад зүгийнхэн моггол хүнийг ХОР гэж нэрлэдэг байсан. Монгол гэж сайхан үг байхад заавал хор гэж хэлэх хэрэг юун
2019-07-10