The Diplomat: Монгол Улс шинэ үеийг дахин цогцлоож чадах уу? 
2019-07-10

 

Монгол Улс АНУ-тай түншилснээр орчин үеийн ертөнц рүү хөтлөх зам дээрх өмнө нь тулгарсан саад бэрхшээлийг давж, “чөлөөт, нээлттэй” Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг байгуулахад өөрийн гэсэн хувь нэмрийг оруулна гэсэн утгатай нийтлэл Америкийн The Diplomat сэтгүүлд нийтлэгджээ. Түүнчлэн энэ нийтлэлд Монгол улсыг гадаад бодлогын чиглэлээ тодорхойлохыг "зөвлөсөн" байна. 


Чингис хааны байлдан дагуулалтын талаар цухас дурдан, Монголын эзэнт гүрэн “холбоо харилцаа, худалдаа, технологи, улс төрийн тив хоорондын нэгдсэн систем”-ийг бүрдүүлэн, нэгэнтээ тархай бутархай байсан ертөнцийг нэгтгэсэн  гээд тухайн үед дэлхийг байлдан эзлэж байсан энэ орон өдгөө “орчин үеийн шинэ ертөнцийг бүтээж чадах уу” гэсэн үндсэн агуулга дор бичигдсэн энэ нийтлэлд хоёр хөршөөс “хамааралтай байдал”, Оросын “эдийн засгийн хатуу хяналт”-ын улмаас Монгол төдийлөн хөгжихгүй байгаа гээд чухамхүү АНУ-ын ачаар Монгол “нөлөө бүхий улс” болж чадна гэсэн утгыг илэрхийлсэн байна. 


Энэ нийтлэлийг бичсэн тоймч Ронсеверт Ганан Алмондын үзснээр 3 сая гаруйхан хүн амтай Монголын “асуудлууд” нь газарзүйн байрлалаас эхлэдэг гэнэ. 


“Монголоос гарч буй эсвэл Монголыг чиглэж буй бүхий л ачаанууд хүчирхэг хоёр хөрш болох Орос, Хятадын нутаг дэвсгэр болон агаарын замыг туулдаг. Монголын төмөр замын гол сүлжээ нь хойд зүгт байх Оросын хилээс өмнөдөд байх Хятад хүртэл хэдэн зуун километр сунасан нэг замтай. БНХАУ руу галт тэрэг нэвтрэх үед шинэ цариг солих болдог нь багагүй хүндрэлтэй ажил. Төмөр замын хувьцааны 51 хувийг Оросын засгийн газар эзэмшдэг нь  илүү үр ашигтай тээврийн сүлжээ болон хөгжихөд саад болдог” хэмээн нийтлэлч Алмонд онцолсон байна. 


Түүнчлэн 2016 онд ОХУ Монгол улсын түүхэн чухал аж ахуйн хөдөлгүүр болсон Эрдэнэт үйлдвэр дэх 49 хувиа зарсан ч Монгол улсад түлш шатахууных нь 90 хувийг нийлүүлэн, эдийн засагт “хатуу хяналт” тогтоосон хэвээр байгааг нийтлэлд онцолжээ.


“Энэ нөлөөлөл бусад салбарт ч мөн бий. Улаанбаатар хотоор зугаалахад Дуурийн театраас эхлээд Гэрлэх ёслолын ордон, Зайсан толгойн социалист цогцолбор гээд хуучин Зөвлөлтийн орнуудын хоорондын нягт соёлын харилцааг харж болно” хэмээсэн байна. 


Манай урд хөрш БНХАУ руу нүүрс, зэс, бусад хүдэр, түүхий нефть, боловсруулаагүй ноолуур гээд Монголын экспортын 90 хувь нь явдаг бөгөөд Хятад улс Монголын гадаад хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр гэдгийг энэ нийтлэлд онцолжээ. 


АНУ-ын Конгрессын илтгэлд Хятад улсыг “Монгол улсын амьдралын эдийн засгийн шугам” гэж нэрлэсэн байдаг. 


“Энэ хамаарал нь Хятадтай харилцах харилцаанд төвөгэтй байдал үүсгэдэг. Тухайлбал Монгол улс Төвдийн буддизм, Далай ламтай түүхэн холбоотой байдаг. Харин Далай лам Монголд айлчилсны дараа Хятад улс түр хугацаанд хилээ хааж, 2016 онд Монголын бүтээгдэхүүнүүдэд татвар ноогдуулж байв. Улаанбаатар Далай ламыг дахин урихгүй гэж амласны дараа Хятадын Гадаад хэргийн яам үүнийг нь магтаж “Монгол улсад энэ нь сургамж болсон гэж найдаж байна” хэмээж байлаа”

Тэрбээр цааш нь, Монгол улс хөршийн харилцаагаа тэлж, стратегийн дэмжлэг авахын тулд Монголтой дундын хилгүй, эрх тэгш орнуудад “гуравдагч хөрш” гэж хандах болсон гэдгийг онцолсон байна. 


“Жишээлбэл, Япон, Өмнөд Солонгос зэрэг ардчилсан гуравдагч хөршүүдтэй бат бэх харилцаатай байгаагийн ачаар Монгол улс бүс нутаг дахь тогтвортой байдал болон хамтын ажиллгааг бэхжүүлэхээр ажиллаж байна. Уранаар баялаг Монгол улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, Зүүн Хойд Ази дахь маргаануудыг энхийн замаар шийдвэрлэхийг идэвхитэй дэмждэг. Тиймдээ ч Хойд болон Өмнөд Солонгосын аль алинтай нь дипломат харилцаатай байдаг энэ улс Солонгосын хойг дахь тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхийг эрхэмлэж байгаа юм” хэмээн нийтлэлийг өндөрлүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
монгол:
бид хариуг нь барихдаа л барина
2021-03-31
иргэн:
яг л хэлж дээ
2019-07-10