Түмний цуваа тасрахгүй Төв цэнгэлдэхийн наадам
2019-07-12

 

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

 

Уламжлал ёсоор Төв цэнгэлд хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Төрийн тэргүүн үндэсний их баяр наадмыг нээж, наадамчин олон ч бөх, сур, шагайн харваагаа сонирхохын сацуу, Хүй долоон худагт уралдаж байгаа хурдан морьдын уралдаанд чих тавьцгаана. Басхүү үндэсний хувцсаар ижилсэн гоёсон, үндэстэн ястны дээлээр гангарсан наадамчид бусдын хараа булааж, гадаадын жуулчдын нүдийг хужирлаж байлаа.

 

Нар хур тэгширсэн наадмын эхний өдөр Төв цэнгэлдэхийн эргэн тойронд  хуушуур, хоол, ундаанаас эхлээд бараа таваар, сугалаа, тоглоом наадгай, гэрэл зураг, явуулын банкны  гээд бүхий л үйлчилгээ урьдын адил  явагдаж байна.

 

Ханш нь нэмэгдсэн хуушуур

 

Энэ жилийн наадмын хуушуур 1500 төгрөгийн ханштай. Наадмын, үхрийн, хонины махтай, дугуй, гэрийн гээд төрөл бүрийн нэр оноосон ч хуушуурын ханш аль ч асарт адилхан үнэтэй. Харин аль асарын хуушуур амттай, чанартай байсныг наадамчин олны сонголт л мэдэх хэрэг. Мэдээж, наадмын эхний өдөр хуушууранд дугаарлалт үүссэн. Гэхдээ өмнөх оныхыг бодвол хуушуурын эрэлт багатай, наадамчин олон ч дугаарлаж сурчихсан байна лээ.

 

Наадмын хоолны үндсэн цэс нь хуушуур хэдий  ч шорлог, умс, гитай, плов гээд бусад төрлийн хоол хүнсийг ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоолны асрууд хийж үйлчилж байна лээ. Харин айрагны хувьд аяга нь 2000 төгрөг, литр нь 4000 төгрөгөөр худалдаалж байна.

 

Энгийн өдрүүдэд хуушуурыг хотын аль ч зоогийн газраас ширхгийг нь  1000 төгрөгөөр авна. Айраг ч литр нь 3000 төгрөгөөс дээш байдаггүй. Гэхдээ ямар нэг баяраар юмны үнэ өсдөг бичигдээгүй хуультай улс. Баярын бонус хуушуур, айрагны үнэд нөлөөлөө биз.

 

Монгол дээлээр гоёсон гадаадын жуулчид

 

 

Гадаадын жуулчид энгийн Монгол дээлээр гоёсон байлаа. "Монголчууд олон төрлийн дээлээр гоёдог юм байна. Их гэр бүлсэг. Монгол дээл бие сууж өгдөг, өмсөхөд эвтэйхэн. Монгол наадам их сайхан таалагдаж байна. Монгол орон таалагдаж байна" гэж гадаадын жуулчид сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

“Цэвэрхэн наадацгаая"

 

 

Төв цэнгэлдэхийн “Цэвэрхэн наадацгаая" аяныг өрнүүлж байна.  Цагаан подвалк, малгайгаар жигдэрсэн оюутан залуус сайн дурын аян өрнүүлж, наадамчин олныг хоггүй, цэвэрхэн наадахыг уриалж, “Хандлагаа өөрчилье. Цэвэрхэн наадацгаая” гэсэн самбарыг барин Төв цэнгэлдэхийг тойрон гороолж байна лээ.

 

Энэ жил Төв Цэнгэлдэхэд хогийн савыг 15 метр тутамд байрлуулж, “шил лааз” “хуванцар, гялгар уут” “цаас” хэмээн ангилжээ. Иргэд, наадамчин олон ч хогоо замбараагүй хаядаг нь эрс багасаж, ТҮК-ийнхны ажлыг хүндэтгэж байгаа нь анзаарагдав.

 

Хөл бөмбөгийн ногоон “зүлэг” дээр тухлаарай

 

 

Стадионы зүүн жигүүрт хөл бөмбөгийн ногоон талбай байдаг. Энэ өдрүүдэд хөл бөмбөгийн “зүлэг”ногоон талбай дээр наадмын үйлчилгээ явагдаж байна. Харин наадамчин олны хувьд хөл бөмбөгийн талбайд тухалж, ажлаалаа тайлж, хуушуурдаж, зарим нь бүүр дэвсгэр тавиад түр нуруугаа амрааж харагдана лээ. Хөл бөмбөгийн талбайн зүлэг хиймэл хэдий ч тэр хэсэг гутлаа тайлаад л алхмаар цэвэрхэн. Хэсэг хэсгээрээ тухлан тойрч суусан иргэд, наадамчид ч элдэв хог хаяхгүй, соёлтой наадаж байна лээ.

 

Цэнгэлдэхийн тоосжилтыг дарсан агаар чийгшүүлэгч автомашин

 

 

Цаг агаарын аагим, бүгчим халуунтай зэрэгцээд хүн зоны хөлд дарагдсан Төв цэнгэлдэх хүрээлэнд тоосжилт ихтэй. Арга ч үгүй биз, дээр нь худалдаа үйлчилгээ явагдаж, халуунаас халуун температуртай байгаа. Гэхдээ л энэ халууныг эс тоон үндэсний баяр наадмаа сайхан тэмдэглэдэг. Харин энэ жилийн тухайд агаар чийгшүүлэгч авто замыг стандионыг ус шүршиж тоосжилтыг бууруулахын зэрэгцээ орчныг чийгшүүлж байсан нь тун таашаалтай.  Наадмын өмнөхөн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан агаар чийгшүүлэх, өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн нь энэ аж.

 

Хуушууранд дугаарлаж, патериа татуулж байх хооронд хүүхдүүд төөрч байна

 

 

Энэ өдрүүдэд иргэд, наадамчид амар амгалан наадан цэнгэж байгаа нь нийгмийн хэв журмыг сахиулж байгаа  цагдаагийн байгууллагын хүч чармайлт гэдэгтэй хэн ч маргахгүй. Төв цэнгэлдэх хүрээлэнд гэхэд цагдаагийн 1400 гаруй албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд  ажиллаж, байнгын эргүүлд гарч, төөрсөн хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, 68 хяналтын камерыг байршуулж, 24 цагаар хянаж байна.

 

 

Мөн оюунтан цагдаа нар гадаадын жуулчдад туслах, чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн. Баярын энэ өдрүүдэд бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөх тохиолдол гарсаар байна. Эцэг эхчүүд хуушууранд дугаарлах, баярын патериа татуулах үедээ хүүхдүүд төөрч байгааг цагдаагийн албан хаагчид анхааруулж байна. Өчигдрийн 15:00 цагийн байдлаар төөрсөн 15 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байна лээ. Тиймээс эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байж, сайхан наадахыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

 

Жорлонгоо өөрчлөөч ээ, зохион байгуулагчид аа

 

 

Жил бүр тулгардаг, цэгцрээгүй асуудлын нэг нь “00”. Өнөө жил ч наадамчид, гадаадын жуулчдын төвлөрөн дугаарласан нэг цэг нь “00” хэвээр байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэн нийт зургаан бие засах газартай. Гэхдээ үүнээс ердөө гуравхан бие засах газар ажиллаж байлаа. Олон нийтийн оочер үүссэн ид ачааллын үед аль нэг нь бөглөрөөд, засварт орчихно. Баяр наадмаар нэмж, зөөврийн 20 гаруй био жорлонг байршуулсан “00”-ын  ч уртаас урт дараалал үүссэн хэвээр. “Жорлонгоо өөрчилье” төсөлд төрийн зүгээс ч оролцмоор юм. Ариун цэврийг чанд сахиулах бие засах газрын асуудал жилийн жилд хангалтгүйгээр барахгүй хүрэлцэхгүй, наадамчдыг бухимдуулах юм. Жорлонгоо өөрчлөөч ээ, зохион байгуулагчид аа.

 

Ийнхүү түмний цуваа тасрахгүй Төв цэнгэлдэхийн наадмын  эргэн тойрныг товчхон дүрслэхэд ийм байна. Та бүхэн сайхан наадаарай.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин