Наран шарлагын газрын дүрмүүд: Япон шивээс харин Тайландад селфи хориотой 
2019-07-13

 

“Наадмын дараа намар” гэж монгол түмэн ирэх улирлын бэлтгэл, ажлаа базаадаг ч чухамхүү үндэсний баяр наадмаа үзснийхээ дараа аялал зугаалгаар гарах нь олонтаа. Зарим нь эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах бол нөгөө хэсэг нь дэлхий даяар аялан, амардаг. Очсон газар бүрийнхээ л “усыг нь уувал ёсыг нь дагах” нь зүй. Тиймээс дэлхийн наран шарлагын газруудад хориглодог зүйлсийн талаар Адме.ру мэдээлснээр хүргэж байна. 


1. Сардини арал, Итали

 

Сардини арлаас элс, хясаа авч явах хориотой, гэсэн ч ийм оролдлого байнга гарсаар байдаг. Жуулчид дурсгалын зүйл болгон наран шарлагын хэсгээс авч явахыг хүсдэг ч нисэх онгоцны буудлын шалганаар гарч чаддаггүй. Сардинид үүнийг гэмт хэрэг гэж үздэг бөгөөд сая гаруй жилийн түүхтэй энэ нутгийн байгалийн баялгийг хууль бусаар авсанд тооцогддог юм байна. 2015 оны зун Элмас нисэх буудал дээр нийтдээ 5 тонн элс жуулчдаас хураажээ. 


2. Тоттори хот, Япон

Японы Тоттори хотод элсэн дээр үг бичиж болдоггүй. Энэ хотын наран шарлагын газрын элс хотын гол дурсгалт газар бөгөөд 100 000 гаруй жилийн түүхтэй аж. 


3. Майорка ба Боракай арал 

Та ердөө л элсээр цамхаг хийснийхээ төлөө Майоркад 100 еврогийн торгуульд унаж магадгүй.Филиппиний Боракай арал дээр ч мөн адил. Энд мөн л элсээр байшин, цамхаг барихыг хориглодог бөгөөд наран шарлагын газрын нөхцөл байдалд муугаар нөлөөлж, байгалийн төрхийг нь алдагдуулдаг гэж үздэг байна. Ийм зөрчил гаргасан хүмүүсийг Майорка шиг торгоод явуулахгүй, бүр шоронд ч сууж болзошгүй. 


4. Японы наран шарлагын газрууд 

Японд жуулчин ил хэсэгтээ шивээстэй бол наран шарлагын газар руу оруулахгүй. 1948 онд л шивээсний хоригийг цуцалсан ч одоо хүртэл шивээснээс “жийрхдэг” хэвээр.  Энд дуулгахад, XVII зуунаас гэмт хэрэгтнүүд шивээсээр ялгардаг болсон бол якуза бүлэглэлийнхэн бүх биен дээрээ шивээс хийлгэн мафид үнэнчээ харуулдаг байжээ. 


5. Италийн наран шарлагын газрууд 

 

Эргийн бүсүүдтэй холбоотой маш олон хууль Италид үйлчилдэг. Өнгөрсөн онд энэ улсад “Аюулгүй наран шарлагын газар” нэртэй удирдамж гаргажээ. Үүнд тусгаснаар эрэг орчмын нутаг дэвсгэр дээр аливаа худалдааг хориглоно. Мөн хууль бусаар худалдаа хийсэн хүнээс нарны шил, шүхэр, хүйтэн ундаа, шар айраг гээд юу ч авсан байлаа торгуулж болзошгүй. 


Түүнчлэн массаж, шивээс хийлгэх зэрэг төрөл бүрийн үйлчилгээг наран шарлагын газарт захиалсан жуулчдыг торгоно гэж энэ улсын эрх баригчид сануулжээ. 

 

6. Ла Пелоза наран шарлагын газар, Сардини

Энд алчуур ашиглах хориотой. Гагцхүү элсэн дээр элс наалдахааргүй дэвсгэр дэвсэн, түүн дээрээ алчуур тавьж болно. Амрагчид элс ихээр авч явж, үүнээс болж эргийн бүс байгалийн унаган төрхөө хурдацтай алдаж байна гэж үзсний улмаас ийнхүү торгууль ноогдуулдаг болжээ. 


7. Корнуолла наран шарлагын газар, Англи

Энэ газраас хайрга, чулуу авч явбал 1283 ам.доллар хүртэлх хэмжээний мөнгөөр торгуулна. Ийм хууль гаргах болсон шалтгаан нь мөн л байгалиа хамгаалах зорилготой. Хайрга чулуугүй бол эрэг элэгдэлд хуртан өртөх бөгөөд хүн бүрийг чулуу авч явахыг зөвшөөрвөл тун удахгүй давалгаанаас хамгаалах зүйл үгүй болж, эрэг сүйднэ. Нэгэн жуулчин Корнуоллоос чулуу авах нь хууль бус гэж мэдээгүйн улмаас мөрдөгдөн шалгагдаж байсан удаатай гэнэ. Ингээд  тэрбээр “хулгайлсан” чулуунуудаа эргүүлэн тавихаар гэрээсээ хэдэн зуун миль газрыг зорьсон аж. 


8. Мертл-Бич, Өмнөд Каролина


 

Мертл-Бич дээр зүй бус үг хэллэг ашиглахыг хориглодог. Үүнийг зөрчвөл торгуультай бөгөөд өнгөрсөн жил ийм зөрчлийн улмаас 289 удаагийн торгуулиар хотын төсөвт 22 мянган ам.доллар орсон байна. “Бусадтай зүй бус эсвэл доромж үгээр харилцах нь ” хотын олон нийтийн дэг журмыг зөрчиж байгаа хэрэг гэж үздэг аж. 


9. Пхукет арал, Таиланд

Тайландын энэ арал дээр маш хатуу хориг үйлчилдэг. Май Кхао гэх наран шарлагын газрын ойролцоо нисэх буудлын хөөрөх-газардах зурвас байдгаараа жуулчдыг ихээр татах болсон юм. Газраас хэдхэн метрийн дээгүүр нисч өнгөрөх онгоцыг хараад гайхалтай зураг авахыг хүсэхгүй хэн байх билээ.

Гэвч шинээр гарсан хоригийн дагуу онгоц нисч байх үед селфи хийх эсвэл гэрэл зураг авах боломжгүй болсон байна. 2019 оны хавраас эхлэн ийм зөрчилд ноогдуулах шийтгэлийг чангатгаж, цаазын ял оноохоор хуульчилжээ. 


Нисэх буудлын удирдлагын үзснээр зураг авч байгаа хүмүүс нисэгчдийн анхаарлыг сарниулдаг гэнэ. Мөн шөнийн нислэгийн үеэр зураг авах нь аппарат, гар утаснаас гарч буй хурц гэрэл нисэгчдийн нүдийг гялбуулсан тохиолдол хэдэнтээ гарчээ. Энэ бүхэн нь аюулгүй байдалд ноцтой заналхийлэх бөгөөд онгоц осолдож ч болзошгүй юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин