Ерөнхийлөгчийн дэмжлэгийг "ГОРИЛОГЧИД"
2019-07-16

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд өнөөдөр Ерөнхийлөгч саналаа илэрхийлж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн парламент  ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаа.

 

Гишүүд эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, саналыг нь сонсож, тойрогтоо ажиллаад ирсэн. Харин одоо иргэдийн зүгээс гаргасан саналыг нэгтгэж, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр ажлын хэсэг, дэд хэсгүүд ажиллаж байна.  Иргэд, олон нийт, гишүүдийн зүгээс гаргасан саналаар гишүүдийг эгүүлэн татдаг болох, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг 50 нас болгох зэрэг өөрчлөлтийг оруулахаар байнгын хороод дэмжсэн байсан.

 

Үндсэн хуулийн 35 хувьд өөрчлөлт хийх дэгтэй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг 28 хувьд өөрчлөлт оруулснаа онцолж байсан. Иргэд сонгогчид, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдын саналыг тусгах “орон зай”-г үлдээсэн нь тодорхой.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч саналаа тусгайлан ирүүлээгүй байсан бол АН ч мөн нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч болон сөрөг хүчнийхэнтэй уулзалт хийж, ойлголцолд хүрэхээ илэрхийлж байсан юм. Ямартай ч наадмын өмнөхөн хаврын чуулганыг завсарлуулахад УИХ Ерөнхийлөгчтэй ойлголцолд хүрсэн байлаа. Тэр байтугай улсын баяр наадмын үеэр Хүй долоон худагт наадамлахдаа УИХ-ын дарга болон гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийж, Ерөнхийлөгч төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна лээ.  Ерөнхийлөгчийн ирүүлэх  саналд “УИХ-ын 76 гишүүний тоог  нэмж 108 болгох, Ингэхдээ УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу одоогийнсонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно гэж санал өгчээ. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгууль явуулсан холимог системээр явуулах аж.  Мөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох санал гаргаж байгаа гэнэ.

 

Улс төрийн нам байгуулах босгыг өдөрсгөж, 10 мянган хүнийг гишүүнчлэлтэйгээр эхлүүлэх саналыг илэрхийлжээ. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар 801 хүний гарын үсэг зуруулснаар Улс төрийн нам байгуулах эрх бүрддэг. Түүнлчэн улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг гаргахаар тусгажээ.  Төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалтын асуудлаар тусгайлсан саналыг тус тус илэрхийлэх юм байна.

 

Ерөнхийлөгчийн өөрийн саналаа бүрэн эрхийн хүрээндээ хуулийн төсөл хэлбэрээр хүргүүлэх гэнэ. Ерөнхийлөгч санал хэлбэрээр илэрхийлвэл байнгын хороод дээр ерөнхийд нь хэлэлцүүлж, дэмжигдэх магадлалтай бага. Харин хуулийн төсөл хэлбэрээр зүйлчилбэл санал тус бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж, ач холбогдол илүүтэй гэж үзэж байгаа бололтой.

 

Тэгээд ч Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт тусгагдсан. УИХ эрх мэдлээ нэмэгдүүлэх заалт тусгах нь Үндсэн хуулийн журмын хуулиар хориотой бол Ерөнхийлөгч санаачлан оруулж ирэх нь нээлттэй. Тиймээс л  улс төрийн хүрээнд тохироо явагдсан нь тодорхой биз. Гэхдээ парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, хугацааг сунгах Ерөнхийлөгчийн санал олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарахыг үгүйсгэхгүй. Эрх мэдлээ нэмэгдүүлэх хууль баталснаараа энэ УИХ, тэр дундаа эрх баригчид олны шүүмжлэлд өртөх улс төрийн эрсдэлтэй. 

 

Харин АН-ын зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд УИХ дахь гуравдагч хүчний төлөөлөл, МАХН-ын гишүүн О.Баасанхүү АН-тай байр сууриа нэгтгэж, хамтарч ажиллаж байгаа. Хэрвээ Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төслийг эрх баригчид дэмжвэл АН хэлэлцүүлэгт оролцож, цаашид дэмжиж ажиллах юм байр суурьтай байгаа аж.

 

Эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг үнэмлэхүй олонхидоо эрдэж, Ерөнхийлөгч болон АН, МАХН-ын эсэргүүцэл дор дангаараа хэлэлцэн баталж, сонгуулийн жилийн өмнө улс төрийн эрсдэл хийхгүй нь тодорхой. Сөрөг хүчин АН-ын хувьд эцэг хуулийн өөрчлөлтийн асуудлаар эдийн засагт дэм болоогүй эрх баригчдыг дэмжиж ирэх сонгуулийн рейтэнгээ унагаах үйлдэл гаргахгүй. Тиймээс л эрх баригчдад Ерөнхийлөгчтэй тохироо хийхээс өөр гарцгүйгээс гадна АН ч Ерөнхийлөгчтэй гар нийлж ажиллаж улс төрийн хайлчилбарт ороод байгаа. Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ алтан боломжийг ашиглаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эрс шинэчлэл хийх бодлогоо хэрэгжүүлэхээр  хуулийн төсөл өргөн барих нь. Энэ үед Ерөнхийлөгчид "Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч" гэдгийг нь өдөр бүр сануулахад илүүдэхгүй. 

 

Тэгээд ч “Хүй долоон худаг”-ийн наадам Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн тохироогоор үргэлжилж, Ерөнхийлөгч саналаа дэмжүүлэх эсэхээ бататгасан магадлалтай.

 

Ямартай ч өнөөдөр үдээс хойш чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч саналаа илэрхийлж, намын бүлэг, зөвлөл, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэг үргэлжилнэ. 

Н.Энхлэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
2 танхимтай л болчмоор байгаа юм даа
2019-07-16
Namin jagsaalt bol estoi hereggui.dandaa horchin olgorhud ni ehleed boldog.umnu an namin baahan luivarchid garaad uls ornig iim bdald orula bizde.
2019-07-16
ЗОЧИН:
Ерөнхийлөгч Баттулгын саналыг дэмжиж байна. Их хурлын гишүүдийн тоог ихэсгэснээр цөөхөн хүний лоббигоор улс орны эрх ашгийн эсрэг шийдвэр гарахаас сэргийлнэ.
2019-07-16