Х.Болорчулуун: ҮХЦ-ийн гишүүд эдийн засгийн мэдлэг муутай байна
2019-07-16

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.  Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Ашигт малтмалтын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж ҮХЦ дүгнэжээ. Уг хуулийн заалтаар татварыг давхардуулан авахаар байна гэж ҮХЦ дүгнэжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Татвар хаанаа давхцаад байна вэ? Үүнийг жишээтэй тайлбарлахгүй юу. Олон төрлийн ашигт малтмал гаргадаг үйлдвэрүүдийн татвар ямар байна вэ?” гэсэн асуултад ажлын хэсэг “2019 оны гуравдугаар сарын 26-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр давхардсан татвар орсон байна лээ. Барилгын материал, ашигт малтмал гээд бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр болгондоо татвар төлөхөөр байгаа гэсэн хариултыг өглөө.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “ҮХЦ-ийн тайлбар хангалтгүй байна. НӨАТ-ыг давхар төлж байгаа”  гэсэнд УУХҮЯ-ны Газрын дарга н.Мөнхтөр “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувьд  татвар давхцуулсан тохиолдол байхгүй. Ашигт малтмалын нэмэлт өөрчлөлтөөр хүдэр, баяжмал бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр олгоно гэж заасан байгаа” гэж тодорхой заасан гэлээ.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. ҮХЦ-ийн гишүүд эдийн засгийн мэдлэг муутай юм уу эсвэл төлөөлж очсон хүмүүс тайлбараа дутуу хийв үү. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авбал татвараас бултах  эрсдэлтэй. Энэ байдлыг таслан зогсоох зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийг гаргасан.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин