УИХ 108 гишүүнтэй, таван жилийн хугацаатай байх саналыг Ерөнхийлөгч оруулж байна

Өнөөдөр Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд саналаа танилцуулна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тусгуулах хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд хэд хэдэн санал оруулсан. Жишээ нь, хот гэдэг үг Үндсэн хуульд байхгүй. Аймагтай зэрэгцсэн хот гэдэг үгийг тусгаж өгсөн. Нийслэл, аймаг, хот, сум дүүрэг гэсэн үг тусгаж байна. Жишээ нь, Улаанбаатарын 8 дүүрэг хот болж болно. Ингэснээр аймгийн түвшний Засаг захиргааны нэгж болж байгаа юм.
Бид нэг Монгол Улс учраас хот байгуулах ажлаа хойш нь тавьж болохгүй. Хот гэдэг үг орсонтой холбогдуулан хороод дүүрэг болно. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, сонгуулийн тогтолцоог холимог систем нийлүүлж байгаа. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явахыг хориглосон хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Байгалийн баялагтай холбоотой санал оруулж байгаа юу?
-Байгалийн баялагтай холбоотой төрийн өмч гэсэн үгийг нийтийн өмч гэж оруулж байна. Байгалийн баялаг бол өнөөгийн болон ирээдүйн монголчуудын өмч. Тиймээс байгалийн баялаг төрийн өмч биш болж байна.
-Гишүүдийн эгүүлэн татах асуудлыг тусгасан уу?
-Гишүүд эгүүлэн татах асуудлыг тусгаагүй. Эцэс төгсгөлгүй сонгууль явуулах болно. Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн байх ёстой гэж үзэж байгаа. Нам нь ялж байж Ерөнхий сайд болно.
-108 гишүүнтэй байх талаар шүүмжлэл ирэх байх?
-Үндсэн хуулийг батлах үед Монгол Улс хоёр сая хүн амтай байсан. Одоо гурван сая хүн амтай болж байна. Тиймээс 108 гишүүнтэй болж, бүх аймгийн төлөөлөл орох ёстой.
-УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгасан уу?
-УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгож байна. Бид хуучин уламжлалаа харсан. Хуучин тэддүгээр таван жил гэж явдаг байлаа. Таван жил дотор эдийн засгийн уналт, өсөлт багтаад байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ