Сэрэмжлүүлэг: Хамт олонтойгоо зугаалж явсан залуу усанд осолджээ


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан зугаалж явснаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат иргэн Б /24 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 17:00 цагийн орчим “Ерөө” голын усанд живсэн тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагыг 2019.07.13 ны өдрийн 17:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан, нийт 20 хүн, 5 автомашинтай 07.16-ны өдрийн 05:30 цагт дахин эхлүүлж мөн өдрийн 08:34 цагт иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас 200 метрийн зайд “Цагаан тохой” гэдэг газраас “Ерөө” голын эргээс олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 23 настай эрэгтэй А нь Сэлэнгэ аймгийн Орхон голд усанд орж байгаад живж нас барсан хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд гол усанд орж осолдохоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байх чиглэлээр удаа дараа сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд усанд осолдох явдал гарсаар байгаа юм.
Ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй гол, усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд байгаа энэ цаг үед онцын шаардлагагүй тохиолдолд голын ай сав газраар явахгүй байж өөрийн амь нас эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж хайхрамжгүй зангаасаа салж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Сэлэнгэ мөрөн Хялганат сум орчимд усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, Ховд гол, Увс нуур, Хархираа зэрэг голууд 5-20 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна. Иймд:
-
Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
-
Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,
-
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,
-
Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэдэг байхыг албаныхан зөвлөж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ