Б.Төгсбаяр: Цагдаагийн алба хаагч хүний төлөө л төрсөн юм шиг ажиллах ёстой
2019-07-18

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, Цагдаагийн дэслэгч Б.Төгсбаяртай ярилцлаа.

 

 

 

 

-Та цагдаа болох гэж эчнээгээр сурдаг байсан гэж сонссон?

 

-Эмэгтэй хүүхдүүд бага байхдаа эмч, багш болохыг мөрөөддөг байсан бол харин би эсрэгээрээ цагдаа болохыг мөрөөддөг байсан. Би цагдаагийн мэргэжлийг эзэмшихийн тулд Цагдаагийн сургуулийн эчнээ ангид орж суралцаж байсан. Хүүхэд насны минь мөрөөдөл өнөөдөр ингээд биелэлээ олсонд их баяртай байдаг. Цагдаагийн албаараа бахархах үе зөндөө л байсан. Наад захын хүмүүс биднийг хүндэлж, хүндэтгэж харьцдаг. Төрийн өмнөөс түмэн олны аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө ажилладаг болохоор тэр байх.  Ядарсан нэгэнд тус хүргэх, аюулаас аврах, хулгай хийж байгаа хүнийг үйлдэл дээр нь бариад иргэний эд зүйлсийг буцааж өгөхөд чин сэтгэлээсээ баярласан иргэдийг хараад өөрийн эрхгүй мэргэжлээрээ бахархаж байсан үе чамгүй олон.

 

-Та эргүүлийн офицероор хэдэн жил ажиллаж байгаа вэ?

 

-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тус дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг хүлээн авч, Тамир-117 чиглэлийн авто эргүүлийн офицерийн үүргийг гүйцэтгэж байна. Бид 24 цагаар ажиллаж, шуурхай дуудлага, мэдээллийн дагуу иргэдэд туслалцаа үзүүлж, хуулийн зөвөлгөө өгч ажилладаг. Нэгэнт өөрөө дурлаад, хүсч зориод энэ мэргэжлээ эзэмшсэн болохоор нэг их хэцүү, шантрах зүйл байдаггүй. Хүүхдүүдийн ээж, гэрийн эзэгтэй гэдэг үүднээс цагдаагийн байгууллагад ажиллахад цаг наргүй хүндрэлтэй ч нэгэнт сонгосон мэргэжилдээ туштай байхыг хичээж ажилладаг.  Өмнө нь хороон цагдаа хийдэг байхдаа хорооныхоо иргэдтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тулж харьцана, иргэдтэйгээ ойрхон ажилладаг болоод ч тэр үү хороон цагдаагийн ажилдаа илүү дуртай байсан. 

 

 

-Та өөрийнхөө ажилладаг хамт олноо уншигчдад нэг гайхуулаач?

 

-Тэгэлгүй яахав /инээв/. Манай хэлтсийн хувьд яг хотын төвийн бүсийг хариуцдаг. Гадны зочин төлөөлөгч ирэх, эргүүл хамгаалалтанд гарах  гээд бусад дүүрэгтэй харьцуулахад олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан их болдог болохоор ачаалал арай ихтэй. Тэглээ гээд алба хаагчид эцэж цуцалгүй аль чадахаараа л хичээж сайн ажилладаг.  Манай хамт олны уур амьсгал маш сайхан. Ажилдаа хэдий ядарсан ч хамт олны инээд хөөр, бие биенээ гэсэн сэтгэлийг хараад урам авах шиг болдог. Ядарснаа ч мартчихдаг үе зөндөө бий. Хүний ажиллах нөхцөл, уур амьсгал хэдий чинээ сайхан байна тэр хүн улам ихийг хийж бүтээх, ажиллах чин хүсэл сонирхолтой болдог. Манай хамт олон яг л тийм хамт олон. Би бас залуу хүмүүстэй их ажиллахыг эрмэлздэг. Тэднээс мэдэх сурах зүйл зөндөө их. Тэдэндээ ч зааж зөвлөөд сайхан л ажиллаж байна. Манай хэлтсийн хувьд эмэгтэй алба хаагчид олонтой. Тиймээс би “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулаад ажиллаж байна.

 

-“Эмэгтэйчүүдийн зөвлөл” гэхээр эмэгтэй алба хаагчид руугаа чиглэсэн ажлууд хийнэ гэсэн үг үү?

 

-2013 онд хэв журмын тасгийн даргатайгаа ярилцаад анх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулж байсан. “Эмэгтэйчүүдийн зөвлөл” нь эмэгтэй алба хаагчдад зориулсан соён гэгээрүүлэх, мэдлэг олгох, мэргэшүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, хэлтсийнхээ соён гэгээрүүлэх бүх төрлийн тэмцээн, уралдаан, урлагийн наадам зэргийг гардан зохион байгуулдаг. Хамгийн том хийсэн ажил гэвэл БНСУ-ын Үндэсний галын академитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд бид БНСУ-д очиж эмэгтэй албан хаагчдаа дөрвөн жил дараалан анхан шатны түргэн тусламж үзүүлэх сургалтад хамруулсан. Харин сүүлийн жилийн сургалтанд эрэгтэй алба хаагчид санал тавьж бас хамрагдсан байгаа. Уг сургалтанд хамрагдсанаар гэмтэж бэртсэн хүнд анхан шатны тусламж үзүүлэх наад захын мэдлэгтэй болсон. Цагдаа нарын хувьд хүнд анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй байх ёстой гэж үздэг хүний нэг учраас бид энэхүү сургалтыг жил дараалан авч байна. Албан хаагчид гэмтсэн бэртсэн, ухаан алдсан хүмүүсийг хараад 103 дуудаад хүлээх биш, харин ч анхан шатны тусламжийг нь үзүүлээд сууж байх нь илүү чухал. 

 

-Цагдаагийн алба хаагчийн эрхэмлэх зүйл юу вэ?

 

-Цагдаагийн алба хаагч хүний төлөө төрсөн юм шиг ажиллах ёстой гэж боддог. Төрийн өмнөөс бусдыг айлгаж, сүрдүүлэх бус ард түмнээ хайрлаж, учирч болох эрсдэлээс хамгаалж, хүндэтгэлтэй хандах нь бидний ажил. Үүгээрээ л цагдаагийн мэргэжил хамгийн сайхан нь.

 

-Ийм мундаг бүсгүйн ар талыг дааж явдаг ханийнхаа талаар танилцуулахгүй юу?

 

-Миний хань Б.Булган ОБЕГ-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан онцгой байдлын хурандаа цолтой хүн байдаг. Миний том хүү одооо Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг, харин бага хүү маань ахлах сургуульд сурдаг. Манай гэр бүлийн гишүүд бүгд хүсэл сонирхолынхоо дагуу ажил, мэргэжлээ сонгосон. Хань бид хоёр хүүгээ ийм, тийм мэргэжил сонго гэж хэлээгүй өөрийнхөө л хүсэл сонирхолоороо ажиллаж байгаа. Цэргийн байгууллагын хүмүүс хариуцлагатай, шаардлага өндөртэй тэр утгаараа манай нөхөр, хүүхдүүд бас яг ийм хандлагатай байдаг. Миний хань миний ажил, мэргэжлийн онцлогийг мэддэг, мэдэрдэг учраас их ойлгодог. Миний хувьд ажлынхаа хажуугаар гэрийн сайн эзэгтэй баймаар байдаг. Гэтэл ажил маань энэ бололцоог их л хомс өгдөг. Баяр наадмаар цуг баярлана гэсэн ойлголт бараг л байхгүй. Цагдаа хүний хань бас их л тэвчээртэй хүмүүс шүү. Энэ бүхнийг ойлгож, хамт байдаг. Тэд нарынхаа итгэлцэл ойлголтгүйгээр бид ажил үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй шүү дээ. Энэ дашрамд ханьдаа миний мэргэжлийг ойлгож, хүндэлж хүлээж авдагт нь баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

-Баярлалаа. Монголын цагдаагийн байгууллагын нийт алба хаагчид, бидний түшиг болсон гэр бүлийн гишүүд, үеийн үед ажиллаж байсан ахмадууд, удирдлагууд та бүхэндээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олноос Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин