Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно 
2019-07-18

 

Дэлхий даяар Эль Чапо хочоороо алдаршсан, 62 настай хар тамхины наймааны толгойлогч Хоакин Гусманд Америкийн шүүх бүх насаар нь хоригдох ял оноосон талаар Ройтерс мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Мексикийн иргэн хар тамхины хууль бус наймааны хэргээр ял шийтгүүлсэн бөгөөд тэрбээр хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаараа хоригдохын дээр 12 тэрбум ам.долларын торгууль төлөх үүрэг хүлээсэн байна. 


Түүний өмгөөлөгчид энэ шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ. 


Энд дуулгахад, Мексикийн хар тамхины наймаачин, хар тамхины “Синалоа” бүлэглэлийн толгойлогч Хоакин Гусман Лоэра шоронгоос хэд хэдэн удаа зугатаж байсан гэнэ. 


Пабло Эскобараас ч илүү нөлөөтэй болсон цуутай гэмт хэрэгтнийг баривчлахын тулд АНУ-ын эрх баригчид түүний орогнож байгаа газрын талаар баттай мэдээлэл өгвөл 5 сая ам.доллараар шагнана гэж амлаж байлаа. Анх 1993 онд Хоакин Гусманыг баривчлан 20 жилийн хорих ял оноосон ч 2001 онд тэрбээр бохир хувцасны сагсанд нуугдан шоронгоос оргосон байна. Ингээд 13 жил эрх чөлөөтэй явсны эцэст 2014 онд дахин хоригджээ. Гэвч ердөө жилийн дараа тэрбээр шоронгоос оргосон бөгөөд түүний хоригдож байсан камерын доороос  километр гаруй үргэлжилсэн хонгил олджээ. Гусманыг дахин баривчилсны дараа түүнийг цэргийнхэн хамгаалдаг болсон байна. 


Түүний толгойлдог “Синалоа” бүлэглэл 1980-аад оны эхээр үүссэн, Мексикээр дамжин АНУ руу ордог хар тамхины урсгалын дөрөвний нэг нь энэ бүлэглэлээр дамждаг аж. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр Эль Чапо 25 жилийн туршид АНУ руу хориотой бодис зөөн, түүний хамсаатнууд саад болсон хэн бүхнийг барьцаалж, сүрдүүлж, хөнөөдөг байсан гэнэ. 


Хууль бус аргаар хөрөнгөжсөн Эль Чапо 2009-2011 оны хооронд  Forbes  сэтгүүлийн дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтад багтаж байлаа. Тэрбээр онгоцны паркт, алтадсан, үнэт чулуун шигтгээтэй зэвсэгүүдтэй, хувийн амьтны хүрээлэнтэйн дээр энэ хүрээлэнгийн нутаг дэвсгэрээр галт тэргээр зорчдог байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
"Алтай констракшн" ХХК–аас 2019 оны “Lexus RX-350” автомашиныг шинэхэн аварга Э.Оюунболдын гэргийд бэлэглэв. 170 сая төгрөгийн үнэтэй гэж захирал Х.Бат-Эрдэнэ нь мэдэгджээ.
2019-07-18