ДЭМБ Эбола вирусын тархалтыг онц байдал гэж зарлав 

img

Эбола вирусын тархалтыг олон улсын хэмжээний онц байдал гэж хүлээн зөвшөөрсөн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Адханом Гебрейесус мэдэгдснийг Ассошейтед пресс дамжууллаа. 


Конго улсын хоёр сая гаруй хүн амтай  Гома хотод долоо хоногийн турш тархсны дараа ийнхүү онц байдал хэмээн зарласан байна. 


“Хэдийгээр бүс нутагт энэ вирус тархах эрсдэл өндөр байгаа ч хилийн чанадад тархах эрсдэл бага” гэж Гебрейесус онцлоод онц байдал гэж хүлээн зөвшөөрөх нь олон улсад хандан санхүүгийн болон техникийн дэмжлэг тусламж авахад зориулагдсан хэмээжээ. 


Өмнө нь 2014-2016 онуудад баруун Африкт  Эбола, Хойд болон Зүүн Америкт Зика вирус дэгдсэнтэй холбоотойгоор онц байдал зарлаж байлаа. 


Дашрамд дуулгахад, Эбола нь нэн ховор өвчин бөгөөд үүнийг эмчлэх эм одоогоор гараагүй байна. Энэ өвчин зэрлэг амьтнаас хүнд халдаж, дараа нь хүмүүсийн дунд тархдаг. Өвчний анхны шинж тэмдгүүд нь халуурах, булчин өвдөх, толгой болон хоолой өвдөх зэргээр илэрдэг байна. Улмаар бөөлжиж, суулган, биеэр тууралт гарч, бөөр, элэгний үйл ажиллагаа алдагдахын дээр зарим тохиолдолд гадуур болон дотуур цус алддаг аж. 2014 онд Баруун Африкт эболагийн тахал нүүрлэн, АНУ, Испанид ч халдварын тохиолдол гарч байлаа. 2015 оны 12 дугаар сарын байдлаар энэ өвчний улмаас 11 мянган хүн амиа алджээ. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ