WSJ: Трамп Туркийн эсрэг хориг тавих асуудлаар хэлэлцэнэ

Турк улс Оросын С-400 зенит пуужингийн систем худалдан авсантай холбоотойгоор тус улсын эсрэг дангаар хориг тавих нь зүйтэй эсэх асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Конгрессын дээд танхимын хэсэг гишүүдтэй зөвлөлдөхөөр болсон тухай The Wall Street Journal сонин мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп Анкарагийн эсрэг хориг тавихаас зайлсхийх хүсэлтэй, үүнийгээ ч Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганд хэлж байсан гэдгээ зөвлөхүүддээ нууц байдлаар хэлсэн байна. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон өнгөрсөн баасан гаригт НАТо-ийн гишүүн орнуудын төлөөлөгчдөд ирэх долоо хоногт хориг арга хэмжээний асуудлаар албан ёсны мэдэгдэл хийх гэж байгаа талаар мэдээлжээ.
Цагаан ордны зүгээс төрийн тэргүүн энэ долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео болон Анкарагийн эсрэг хориг арга хэмжээ авахыг зөвлөж байгаа Болтон нартай уулзан зөвлөгөөн хийх болсон талаар сенаторуудад мэдээлсэн байна.
The Wall Street Journal сонины мэдээлснээр Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Рик Скотт болон Тодд Янг нар Туркийг С-400 авсных н төлөө тавих тогтоолын төслийг Конгресст өргөн барьсны дээр АНУ-ын захиргааг Анкарагийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж байгаа аж.
Энэ мэдээлэлд өгүүлснээр, “Америкийн сөргөлдөгчдийг хориг арга хэмжээний аргаар сөрөн зогсох ” нэртэй хуулийн дагуу Туркийн эсрэг хориг тавих гэнэ.
Энэ хууль нь ямар нэг хугацаагүй, хуулийн дагуу Трамп Туркийн эсрэг урт хугацаагаар хориг тавих явдлыг саатуулах боломжтой юм байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс авсан арга хэмжээнүүд нь хэтэрхий зөөлөн гэж хууль тогтоогчид үзвэл АНУ-ын Конгресс өөрсдийн зүгээс тодорхой арга хэмжээ авах эрхтэй байхаар хуулинд тусгажээ. Түүнчлэн энэ хуулинд Америкийн виз олгохоос татгалзахаас эхлээд АНУ-ын санхүүгийн байгууллагуудтай ажиллахыг хориглох хүртэлх хоригийн өргөн цар хүрээтэй жагсаалтыг багтаасан байна.
Эргэн сануулахад, үүнээс өмнө Турк С-400 системийг Оросоос худалдан авсны дараа АНУ Турк улсад F-35 сөнөөгч онгоц нийлүүлэхээс татгалзсан юм.
Энд дуулгахад, “Триумф” С-400 зенит пуужингийн систем нийлүүлэх талаар Орос болон Турк улс 2017 оны зун тохиролцон гэрээ байгуулсан. Улмаар энэ оны 12 дугаар сард энэ гэрээний талаар тодорхой мэдээллүүд гарч эхлэсэн бөгөөд Турк улс С-400 зенит пуужингийн дөрвөн дивизионыг 2.5 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон нь олон нийтэд болсон юм. Энэ үнийн дүнгийн талыг Турк улс төлж, үлдснийг ОХУ зээл байдлаар өгч байгаа юм байна.
Энэ мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж, Хойд Атлантын эвслийн орон анх удаа Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем худалдан авч байгаа нь ихээхэн дуулиан тарьсан юм.
Нэг их удалгүй Вашингтоны байр суурь ч илэрхий болсон. АНУ Туркийг Орост үйлдвэрлэсэн зенит пуужингийн систем худалдан авсанд ихээхэн дургүйцсэн бөгөөд ийнхүү дургүйцэх болсон шалтгаануудын нэг нь Америкийн тал Туркийн армид “шахаж” байсан Patriot комплексын оронд Оросын техникийг сонгосон явдал юм.
Ингээд АНУ Туркд шахалт үзүүлэхээр шийдэн, тав дахь үеийн F-35 сөнөөгч онгоц нийлүүлэхээ зогсоохоор болсноо мэдэгдсэн. Учир нь НАТО С-400 болон F-35 сөнөөгч онгоцуудыг нэгэн зэрэг ашиглах нь онгоцны боломжуудыг судлах нөхцөл бүрдүүлнэ гэж үзжээ.
АНУ F-35 сөнөөгч онгоцыг зэвсэглэлийн хамгийн төгс төрлүүдийн нэг, С-300 болон С-400 агаараас эсэргүүцэн хамгаалах системийг устгах чаадвартай гэж үздэг. Мөн Оросын дээрх систеемийг авснаар Турк улс F-35 сөнөөг онгоцны инновацийг давах шинэлэг систем бүтээчихнэ гэж америкчууд үзэж байгаа талаар шинжээчид онцолж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ