Туркменистаны Ерөнхийлөгч таалал төгссөн тухай мэдээлэл худал гэв
7-22

 

Долоодугаар сарын 21-ний өдөр Туркменистаны хоёр дахь ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов таалал төгссөн талаарх мэдээлэл Оросын хэвлэлүүдээр цацагдсан.  Хэвлэлүүд “Москвагаас ярьж байна” радио станцд Евразийн асуудлын мониторингийн төвийн захирал Аслан Рубаев мэдээлснийг иш татан ийнхүү мэдээлэл түгээсэн байна.   


Түүний мэдээлснээр, Ашхабадын тусгай албанд ажилладаг танилууд нь Туркменистаны Ерөнхийлөгч нас барсан талаар мэдээлэл өгсөн гэнэ. 

 

Мэдээлэл гарсны дараа албан ёсны мэдэгдэл гараагүй байсан ч удалгүй Туркменистаны Элчин сайдын яамнаас мэдээллийг няцаасан юм. 

" Энэ бол худлаа. Үнэнд огт нийцэхгүй худал мэдээлэл" хэмээн Орос дахь Туркменистаны ЭСЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.

.

Энэ мэдээлэл анхлан Туркменистаны сөрөг хүчнээс гарсан бөгөөд мөн энэ үеэр Туркменистаны Ерөнхийлөгчийн ээж Германд хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаагийн дээр Ерөнхийлөгч амралтаа авсан хугацаандаа ээж дээрээ очсон гэх мэдээлэл байгаа юм. 

Энд дуулгахад, Бердымухамедов энэ сарын 15-ны өдөр амралтаа авчээ. Харин түүнийг нас барсан талаар ням гаригт Туркмены сөрөг хүчнийхнээс авсан эх сурвалжтайгаар Телеграм сувгууд дээр мэдээлэл гарсан байна. Ерөнхийлөгчийг бөөрний хурц дутагдлын улмаас таалал төгссөн гэж мэдээлжээ. 


Гурбангулы Бердымухамедов 2006 онд Сапармурат Ниязов таалал төгссний дараагаас Туркменистаныг тэргүүлэх болсон. 2017 онд тэрбээр сонгогчдын 97 хувийн санал авч гурав дахь удаагаа улиран сонгогдож байсан юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин