Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл эхэлнэ
7-22

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл өнөөдрөөс /2019.07.22/ 17.00 цагт эхэлнэ.

 

 

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Бүртгэл 17:00 цагаас эхэлнэ. Түрээсийн орон сууцанд  http://nosk.ub.gov.mn вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ.

 

Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн 8 бүлгийн дагуу явуулна.

 

Цаашлаад Нийслэл Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бодитойгоор бууруулах үүднээс бүртгэлд хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьж байгаа аж.

 

Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжинд ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээллэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм.

 

Мөн өмнө нь Захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

 

 НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар "Түрүүлээд бүртгүүлснээрээ түрүүлээд орно гэсэн юм байхгүй. Энэ хугацаанд хэзээ ч бүртгүүлж болно. НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмбэлнэ. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийнэ. Үүний дараа орон сууцны комисс, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Орон сууцны зөвлөл гэсэн байгууллагууд ажиллана. Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулна. Орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй” хэмээсэн.

 

972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулахаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Иргэдээс багш, эмч, сэтгүүлчдэд квот олгох уу гэсэн асуулт маш их ирж байгаа аж. Аль нэг салбар, иргэн, байгууллагад давуу эрх олгоно гэсэн асуудал огт байхгүй гэдгийг НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар онцлон хэлсэн юм.

 

НОСК ХК-ийн Орон сууцны ашиглалт, борлуулалтын хэлтсийн дарга Д.Алтанхуяг “Урьд нь бичгээр болон цахимаар бүртгүүлж байсан иргэд бүртгэл нь хэвээрээ байх уу гэсэн асуултыг маш их тавьж байна. Улаанбаатар хотын ЗАА-нд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 5700 иргэний материал ирсэн байсныг манай байгууллагад шилжүүлсэн. Бид бүх иргэдэд адил тэгш боломж олгох үүднээс дахин цахимаар бүртгэнэ. Эндээсээ шаардлага хангасан гэж үзвэл өмнөх материалыг нь татан авах боломжтой. Дахин материал бүрдүүлэхгүй байж болно. Мэдээлэл хуучирсан гэж үзвэл шинэчлэн бүрдүүлэх шаардлага тавина” гэдгийг онцолсон.

 

Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголт байгаа аж. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлийн иргэдийг хамруулахаар заасан байна.

 

Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж байгаа юм. Иргэд таван жилийн хугацаанд заасан графикийн дагуу төлбөрөө барагдуулах ёстой юм байна. Энгийн түрээс нь өмчлөх боломжгүй аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин