Монгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо 
7-22

Долоодугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Эв модны наадам-2018” угсаатны соёлын наадам болж өнгөрлөө. 


Энэ удаагийн наадам “Наймаачин хот-Алтанбулаг”-ийн 290 жилийн ойтой давхацснаараа онцлогтой байв.


“Эв модны наадам-2019” –ыг албан ёсоор нээхээс өмнө эртний уламжлалт ёсыг бэлгэдэн Орос, Монголын хилийн морьтон харуулууд туг намируулан, хоёр талын хадгалдаг эв модны хэсгүүдийг цэнгэлдэх хүрээлэнд залан авчирсны дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-ын Буриад улсын Хиагтын аймгийн дарга Бимба Жигмитович Нимаев нар наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлсэн юм. 


Улмаар эв модны хэсгүүдийг нийлүүлэн, Орос, Монголын төрийн дуулал эгшиглэснээр “Эв модны наадам-2019” албан ёсоор эхлэв. 


Энэ наадам нь жил бүр Орос, Монголын нутаг дэвсгэр дээр ээлжлэн зохион байгуулагддаг бөгөөд наадамд хоёр орны хилийн бүс нутгийн оршин суугчид оролцдог юм. 


Эртний уламжлалыг сэргээн 2003 оноос энэ наадмыг хоёр тал ийнхүү зохион байгуулдаг болсон түүхтэй. Энэ наадам эргэн сэргэсэн түүхийн талаар Хиагт хотын дарга асан  Валерий Константинович Альковтой уулзан тодруулахад: 


“Би энэ уламжлал сэргэх эхлэлийг нь тавилцсан хүн. Тухайн үед Алтанбулагийн засаг даргаар Ж.Баярмагнай ажиллаж байсан юм. Тэр над дээр ирээд эртний уламжлалт баярыг сэргээх санал тавьсан. Ингээд түүний авчирсан нэвтэрхий толиос бид эв модны наадмын талаар уншин, эв мод ямар байх ёстой талаар судласан юм. Номонд бичснээр 20х40 харьцаатай хоёр хэсэг модноос эв мод бүтэх бөгөөд үүнийг үр жимс өгдөг модоор хийх ёстой гэсэн байлаа. Дээр үед хоёр орны хилийн харуулууд алимны модоор эв модыг хийдэг байсан юм билээ. Гэхдээ бид зүгээр нэг модны хоёр хэсэг биш гоёмсог байлгах үүднээс бат бэх, хушны модоор одоо энэ үзүүлж байгаа эв модыг хийлгэсэн юм. Хуш мод үр жимс өгдөг шүү дээ. Ингээд манай Хиагт хотын зураач, сийлбэрчээр энэ билэгдлийн дүрсийг хийлгэж байлаа. Дараа нь бид хоёр талд ээлжлэн жил бүр хийж байя гэж тохирсон. Гэвч дараа нь хоёр талын удирдлагууд зөвшилцөж чадахгүй байсны улмаас 2-3 жил завсарласан юм. Гэхдээ одоо ингээд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаад, мөн энэ уламжлалыг сэргээх эхлэлийг тавихад оролцсондоо их баяртай байдаг” хэмээн ярьсан юм. 

Түүх сөхвөл: 

Монголын харуулын занги, Оросын хилийн атаман нар тус бүрдээ хадгалдаг хоёр хэсэг модоо эвээр нь нийлүүлэх “Эв мод нийлүүлэх” энэхүү ёс анх 1774 онд бий болжээ. Монгол, Оросын харуулынхан хилийн шугам хамтран шалгаад овоо тэмдгээ засаж сэлбэн хилийн зурвас тодотгох ажлын дараа хил залгаа улс орнууд эв найрамдалтай амгалан суухыг бэлгэдэн “Эв модны наадам” хийдэг байсан аж.

 

Өдгөө нийлүүлж буй эв мод нь уртаараа нэг төө, өргөнөөрөө нэг нэг хуруу хэрийн дөрвөлжин зассан хуш мод бөгөөд хэдэн өнгийн будгаар ялган ар талд  “Хоёр улс хоорондоо найрамдан орштугай” гэсэн үгийг уйгаржин монгол, оросоор сийлж тэхий дундуур нь цуулж, нэг талыг монгол занги, нөгөө талыг орос захирал тус тус хадгалдаг модон пайз юм байна. 


Эрт цагт хоёр талын харуул бүр эв мод нийлэх газартай байсан ба харилцан тохирч, болзсон газраа жил бүрийн зуны эх буюу монгол ёсоор “ханш нээх өдөр” орос ёсоор “Тахиа ус уух өдөр” цуглаж, модныхоо эвийг нийлүүлэн наадам хийдэг байжээ. Уг наадамд харуулын хүмүүсээс гадна хил хавийн ард иргэд оролцон, монголчууд цагаан идээ, тараг, сүү, хонины мах, оросууд талх, давс, гахайн өөх, жимс, ногоо авчирч идээ ундаа бэлтгэсний дараа хоёр талын харуул захирагчид хадгалсан модныхоо талыг гаргаж эвээр нийлүүлэн, эрийн гурван наадам хийж, бай буудан, бургас цавчиж, олс татах зэрэг уралдаан тэмцээн хийдэг байсан түүхтэй.  

Зүртэйгээс Арханбуурал хүртэлх харуулууд хилийн шугамд ойр орших тул жилд нэг удаа хилээ шалгаад Оросын харуултай “Эв модны наадам” хийдэг уламжлал тогтсон бөгөөд харин Арханбууралын баруун талын харуулууд Халхын хойд этгээд дэх нутгаасаа хол очиж алба үүргээ гүйцэтгэдэг байсан тул гурван жилд нэг удаа наадмыг хийдэг байжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин