Венесуэлийг дахин харанхуй нөмөрчээ
2019-07-23

Венесуэлд цахилгаан эрчим хүчний хангамжинд ноцтой доголдол гарсны улмаас тус улсад эмх журам сахиулах нэмэлт хүч татан оролцуулахаар болсон тухай Николас Мадуро Твиттер хуудсандаа бичсэн байна. 


“Энх тайван, амгалан байдлыг хангахын тулд аюулгүй байдлын эрх үүрэг бүхий хэлтэсүүдийг бэлэн байдалд оруулахаар үүрэгдсэн” хэмээн Мадурогийн мэдэгдэлд онцолжээ. 


Түүнчлэн цахилгаан тасарсантай холбоотойгоор усан хангамж, тээвэр, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахаас сэргийлэн нэмэлт арга хэмжээ авсан байна. 


Тус улсад даваа гаригийн үдэш нийслэл Каракасын хэд хэдэн дүүрэгт төдийгүй 23 мужид цахилгаан эрчим хүч тасарчээ. 


Венесуэлийн цахилгаан эрчим хүчний сайд Фредди Бритогийн мэдээлснээр цахилгаан эрчим хүчийг сэргээхийн тулд эрчим хүчний дамжуулалтын системийг дахин залгах ажлыг эхлүүлсэн байна. 


Эргэн сануулахад, энэ оны гуравдугаар сард Венесуэлд эрчим хүчний хангамжид ноцтой саатал гарсны улмаас нийслэл Каракас болон ихэнх мужууд гэрэл цахилгаангүй болсон юм. Тухайн үед Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад халдлага болсны улмаас ийнхүү цахилгаан тасалдсан гэж тус улсын засгийн газар мэдэгдэж байлаа.

Ийнхүү улс даяар харанхуй нөмөрсний улмаас дээрэм тонуул газар авч, зөвхөн Сулия мужид гэхэд л хулгай дээрмийн хэргийн улмаас 50 сая ам.долларын хохирол учиржээ. 


Венесулийн Ерөнхийлөгч Николас Мадуро цахилгаан станц дээр гарсан осолд Америкийг буруутгасан бол АНУ-ын Төрийн департамент үүнийг үгүйсгэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хайран мөнгөа орост:
Оростой сүжирсний гай
2019-07-23