Болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
7-23

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст, цаашид 24-25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй байна.

 

Түүнчлэн долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны өврийн Байдраг болон Сэлэнгэ мөрөн Зүүн бүрэн сум орчимд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж буй юм байна.

 

 

Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа аж.

 

Иймд дээр дурдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин