Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтөд авах гээхийн ухаанаар хандмаар байна
2019-07-23

 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр зөвшилцөх ажлын хэсэг хэлэлцүүлэг хийж байгаа. Өчигдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдвээр хэлэлцүүлэг хийж, улс төрийн намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний байгууллагынхан оролцсон. Өнөөдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хийлээ. Хэлэлцүүлэгт улс төрийн намын төлөөлөл, судлаач, хуульч, иргэний нийгмийн төлөөлөл 120 орчим иргэн оролцож, асуулт тавьж, хариулт авлаа.

 

Үнэн ба зөв намын дарга н.Отгонбаатар:

 

-Үндсэн хууль дотроо философитой. Энэ философиор мөрдөгддөг. Үндсэн хууль батлагдаад хэзээнээс мөрдөгдөх вэ? 50 мянган гишүүнтэй байж намыг бүртгэнэ гэдэг Ерөнхийлөгчийн санал зөв. Харин намын гишүүнчлэлээс хасагдсан тохиолдолд яах вэ?

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Энэ асуудлыг УИХ-ын гишүүд шийднэ. Нам өөрөө шийдвэр гаргах байх. Намуудыг ажлаа таван жилээр төлөвлө гэж байгаа. Сонгогчдоос мандат авсан нам таван жил Ерөнхий сайдаа өөрчлөхгүй байх.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Энэ нэмэлт өөрчлөлтөөр үндсэн агуулга нь батлагдлаа гэхэд 28 хуулийг өөрчлөх шаардлага гарч ирнэ. Үүнд хуваарийн дагуу хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг заана. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өөрчлөлтийг 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар дагаж мөрдөнө гэсэн заалт байгаа. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөнө гэж заасан байгаа.

 

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ:

 

-Бид ямар хуулийн төслийг хэлэлцээд, бидний саналыг яаж авах гээд байна вэ? Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмаар нэг хуулийн төслийг хэлэлцэх заалттай. Бие даасан хоёр өөр төслийг зэрэгцүүлэн хэлэлцэхгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг саналын хэмжээнд авч үзнэ гэж байна.

 

УИХ-ыг чадамжгүй гэж УИХ дахь АН-ын зөвлөл ярьж байсан. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн дараагаар хэлэлцүүлэгт оролцож байна.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-МАХН-аас гурван удаа санал ирсэн. Нэг нь БНМУ-ын Дээд хуулийн төслийг өгсөн. Энэ нь биеэ даасан шинэ хууль. Бид нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд төслөө ярьж байгаа. Энэ хүрээнд оруулах санал байгаа эсэхийг судлахаар тогтсон. Өмчийн асуудлыг баасан гаригт хэлэлцэнэ.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Энэ УИХ гэмт хэрэг зөрчилд холбогдсон олон хүн байгаа. Эдгээр гишүүддээ хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байсан. 62 гишүүний өргөн барьж байгаа төсөл дээр Ерөнхийлөгч мөн саналаа өргөн барьсан. Тиймээс АН нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг төлөөлж байгаа учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. АН санал дүгнэлтээ албан ёсоор хүргүүлж байгаа.

 

МСДН-ын дарга А.Ганбаатар:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дордохын 7 хуулийг гаргасан авторууд өнөөдөр байна. Энэ өөрчлөлт бол парламентат засаглалтай улс орны жишигт ойртуулсан. Харин жинхэнэ авторууд энэ өөрчлөлтийг сайнаар ярьдаггүй. Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төсөлд зургааг нь өөрчлөхөөр оруулжээ. Тэгвэл парламентын засаглалаасаа ухарч байна уу. Нийгмийн дургүйцлийг хүргэсэн өнөөдрийн нөхцөл байдал Үндсэн хуультай холбоотой юм уу, төр шургалсан мөнгөний төлөө тэмцэлдсэн хүмүүстэй холбоотой юу?

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Жишээлбэл, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн 100 хувь байхыг зөвшөөрсөн нь өнөөдөр асуудал үүсгэж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна, мөн 4 УИХ-ын гишүүн сайд байж болно гэж төсөлд тусгасан. Эргэж харах асуудал байгаа.

 

Ийнхүү оролцогчид асуулт тавьж, санал хэлсэн юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин