Их Британийн ШИНЭ ерөнхий сайд Борис Жонсон
2019-07-24

Британийн нэгдсэн вант улсын эрх баригч Консеватив намын шинэ даргын сонгуульд Борис Жонсон ялалт байгууллаа. 

 

 

2016-2018 онуудад Гадаад хэргийн сайд, 2008-2016 онуудад Лондон хотын даргаар ажиллаж байсан түүнийг Консерватив намын 92 153 гишүүн буюу 66.4% нь дэмжсэн бол өдгөө Британийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа, Жонсоныы өрсөлдөгч Жереми Хантын төлөө 46 656 хүн буюу 33.6% нь саналаа өгчээ. 


Ингэснээр Борис Жонсон өнөөдөр Тереза Мэйгийн оронд Ерөнхий сайдын алба тушаалд очихын дээр маргааш буюу долоодугаар сарын 25-ны өдөр шинэ засгийн газрын анхны хуралдааныг явуулах юм байна. 


Тэрбээр сонгуульд ялалт байгуулсныхаа дараа үг хэлэхдээ 10 дугаар сарын 31-нээс өмнө Брекзитийг хэрэгжүүлэх, улс орноо нэгтгэх, сөрөг хүчний Лейборист намын тэргүүн Жереми Корбиныг ялах гэсэн гурван үндсэн зорилгоо онцолсон байна. 


Борис Жонсон гэж хэн бэ? 


Тэрбээр Нью-Йорк хотноо төрсөн. Эцэг эх нь англи хүмүүс ч тэдний гэр бүлд турк болон орос угсаа гарвал байдаг талаар Жонсон өөрөө ярьж байв. Түүнд анх Александер Борис де Пфеффель Джонсон гэсэн нэр өгч байсан ч удалгүй зүгээр л Борис гэж дуудах болжээ. 


Борис хаалттай, элит Итоны коллежд боловсрол эзэмшсэн бөгөөд энэ сургуулиас Британийн олон алдартай улс төрч төрөн гарч байснаараа онцлогтой. Коллежоо төгссний дараа Оксфордод археологийн мэргэжлээр суралцах болжээ. 


Шинэ Ерөнхий сайд франц, итали зэрэг хэд хэдэн гадаад хэлтэй гэнэ. Улс төрд орохоосоо өмнө The Times сэтгүүлээс гараагаа эхлэн, сэтгүүлчээр ажилладаг байжээ. 


Дараа нь тэрбээр The Daily telegraph сонины Брюссель дэх сурвалжлагчаар ажиллах болсон бөгөөд энэ үеэрээ Европын холбоог эсэргүүцэгч гэдгээрээ ихээхэн алдаршсан юм. 


Улмаар Лондонд эргэн ирснээр тайлбарлагчаар ажиллаж, The Spectator сонин гаргаж байжээ. 

 

Улс төрд орсон нь 

 

Тэрбээр анх 2001 онд Оксфордширээс Олон нийтийн танхимын гишүүнээр анхлан сонгогдсон байна. Консерватив намыг төлөөлсөн тэрбээр 2008 он хүртэл парламентад ажиллаж байжээ. 


2004 онд тэрбээр консерваторуудын сүүдрийн засгийн газарт орж, тэндээ соёлын сайдын албан тушаал хашдаг байв. Харин хамтран ажиллагч бүсгүйтэйгээ амрагийн холбоо үүсгэсний улмаас албан тушаалаа орхихоос аргагүй болсны дээр эхнэр нь түүнийг гэрээс нь хөөж байжээ. 


2008 онд тэрбээр Лондон хотын даргад нэрээ дэвшүүлэн, Кэмероны сонгуулийн штабын тэргүүнээс дэмжлэг авч, сонгуульд ялсан бөгөөд хотын даргын албан тушаал дээр хоёр жил болсон байна. 


Европын холбоонд хандах хандлага 


2016 оны долоодугаар сард Ерөнхий сайд Тереза Мэй түүнийг Их Британийн Гадаад хэргийн сайдаар томилов. Түүнийг энэ ажлаа хийж чадна гэдэгт олон хүн эргэлзэж байлаа. Тухайн  үед тэрбээр дуулиан тарьсан мэдэгдлээрээ хэдийнэ алдаршиж, Европын холбооны тэргүүнүүд болон ОХУ-ын Ерөнхийлөгчийг доромжлоод амжсан байв. 


Жонсон Европын холбоо болон түүний удирдлагуудыг нэг бус удаа шүүмжилж байлаа.

Тэрбээр нэгэн ярилцлагандаа “Европын холбоо дангаар ноёрхсон улс байгуулахаар хичээж байна. Наполеон, Гитлер зэрэг хүмүүс ийм оролдлого хийсэн ч муугаар төгссөн” хэмээн мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин