"Аравт"-аар монгол морьдыг дэлхийд сурталчилна
2019-07-24

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд энэ жил анх удаа "Аравт" морин цэргийн олон улсын уралдаан ирэх сарын 3-8-нд Монгол Улсад болно.

 

"Аравт"-д Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцох юм. Манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, нүүдэлчин ахуй соёл тэр тундаа монголчуудын морь эзэмшиж ашиглах соёл, уламжлалыг олон улсад сурталчлах боломж нээгдэх юм.

 

 

"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан эхлэхэд 11 хоног үлдээд байна. Уралдаанд оролцох Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчид  унах морьдоо сонгожээ.

 

Уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд зүс ижилссэн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргаж морьдыг сонгох ажлыг зохион байгуулсан байна.

 

 

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон шилж, худалдаж авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан уналгад бэлдэх, арчлах тордох, номхруулах үүргийг гурван сарын туршид гүйцэтгэжээ.

 

Уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан байна. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор болжээ.

 

Буудлагаас бусад бүх дасгал морьтой явагдана

 

 

"Аравт" олон улсын морин цэргийн уралдааны өмнөх бэлтгэл энэ сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг "Дадлага сургалт хийх бүх орчин нөхцөл бүрдсэн. Бид алсын зайны маршийг хүртэл товчилсон дасгалаар бүрдүүлсэн. Үндсэндээ буудлагаас бусад дасгалууд бүгд морьтой явагдах учраас бэлтгэлийн үеэр өөрийн болон нөхрийнхөө аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Үдээс өмнө дасгал сургуулилт, үдээс хойш соёл урлаг, спортын арга хэмжээтэй" гэдгийг онцолсон юм.

 

 

Ийнхүү дэлхийн талыг эзэнтэйгээ хамт эзэлж явсан монгол морийг олон улсад сурталчлах том боломж бүхий "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан болоход тун бага хугацаа үлдлээ.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
битгий ухаан дутуу мулгуугаа гайхуул
2019-07-24
дэлхийн талыг эзлэж явсан нь л гэх юм ... наад эзлэгдэж явсан газар нутагт өнөөдөр амьдарч байгаа хүмүүс энийг нь яаж хүлээж авахыг ер нь боддог юм болов уу ? Монголчууд эрт үед манайхыг эзлээд л , манай өвөг дээсийг алж хядаад л, сайхан байж билээ гэх үү ???????
2019-07-24
Зочин:
битгий ухаан дутуу мулгуугаа гайхуул