Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
7-24

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар болов.

 

Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэв.

 

Мөн инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгов.

 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Олон жил яригдсан дээрх чиглэлийн төмөр замыг тогтоосон хугацаанд нь барьж ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлаг, компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулав.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой. 

 

  2013-2015 онд замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийж гүйцэтгэсэн. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас 2015-2018 онд ажил нь зогсоод байсан юм.

 

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам доллар байдаг. Төмөр замтай болсноор үнэ хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах юм.  

 

“Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав

 

Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлав.

 

Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани юм.

 

Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь болон ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг юм. Одоогоор Ирээдүйн өв санд 213 тэрбум төгрөг хуримтлагдаад байна. 

 

Товч мэдээ:

 

-2019 оны эхний хагас жилд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Эхний хагас жилд 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 66 хүн амь насаа алдан 34 хүн гэмтэж бэртэн, 25 мянга орчим мал, амьтан хорогдож 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Онцгой байдал, бусад байгууллага, орон нутгийн 17 мянга орчим албан хаагч, иргэн 684 хүний амь нас, 30 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

 

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Одоогоор Засгийн газрын 29 тусгай сан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа сангуудыг цэгцэлснээр  төсвийн сахилга бат нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө дээшилнэ гэж тооцож байна. 

Zasag.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Tsarig ni yu bolson be? Nariin heveeree yu?
2019-07-24