Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч шүүгчид хариуцлага тооцох нь зохимжгүй

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хүрээнд Шүүх эрх мэдлийг хариуцлага, хараат бус бие даасан байх асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн. Хэлэлцүүлэгт АН-ын байр суурийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулсан юм. Дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шүүгчийн хариуцлага, хараат бус байх асуудалд АН ямар байр суурьтай байна вэ?
-Энэ Үндсэн хуулиар тойргийн шүүх гэдэг тогтолцооноос илүүтэй шүүх таслах процессийн дагуу шүүхийн үндсэн тогтолцоог хэлэх хэрэгтэй. Ингэхгүй бол нутаг дэвсгэрийн хэмжээнд шүүхийн тогтолцоог зарлачихаад байна. Үүнээс болоод дэлхийн нийтээр байдаг шүүхийн зарчим урган гарч чадахгүй байгаа юм. Шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давж заалдах, хяналтын шат гэдэг системээр нь эрэмбэлэх юм бол Дээд шүүх Хяналтын шатны шүүх мөн боловч анхан, давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийг булааж хэрэгжүүлж болохгүй. Иргэний шударга шүүхээр шүүгдэх бололцоог хангаж өгөхийн тулд Дээд шүүхийн эрх мэдлийн тогтолцоог нарийвчлан хангаж өгөх хэрэгтэй. Одоогийн 1992 оны Үндсэн хууль социализмын ардын шүүхийн тогтолцоо нэмэгдсэн. Хувь хүний эрхийг хамгаалдаг ардчилсан тогтолцоотой улс оронд захиргаадалтын маягийн шүүхийн тогтолцоо явахгүй. Бүх эрх мэдлийг дээд шүүх дээр өгсөн. Дээд шүүхээсээ заавар, чиглэл өгсөн. Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь хэн нэг улстөрчийн карманд орчихвол шүүх бүхэлдээ улс төрийн захиа даалгавар гүйцэтгэж байдаг, хараат бус бие даасан байдал алга болно. Энэ баталгааг хангахын тулд Үндсэн хуулиндаа зохицуулалт хийхээс өөр аргагүй. Тэнд “Шүүхийн дээд байгууллага нь Дээд шүүх мөн” гэж бичсэн. Гэтэл шүүхэд дээд байгууллага гэдэг ойлголт байхгүй. Маргааныг эцэслэн шийдвэрлэдэг байгууллага гэсэн ойлголт л байгаа. Гэтэл Дээд байгууллага гэдэг нэрийн дор шүүгч нар хэн байхыг, шүүхийн зохион байгуулалт руу, төсөв мөнгийг нь шийдэх гэж оролдож байна. Тэр байтугай дотор нь шүүгч нарын шагнал урамшууллын асуудлыг шийдэх гэж оролдож байна. Энэ нь өөрөө шүүгч нарт авилга болон айдас хүйдсээр нөлөөлөх боломжийг бий болгож байгаа юм. Энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд энэ талаар тодорхой асуудал хөндөгдөөгүй байвал АН УИХ дахь гишүүдээрээ дамжуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барина.
-Шүүгчийн томилгооны тухайд...?
-1992 оны Үндсэн хуулиар шүүгчийн томилгоог бусад хууль ёс оршин тогтнодог улсуудын жишгээр ёсчлох буюу батламжлах үүрэгтэй байдлаар зохицуулж өгсөн. Гэтэл ердийн хуулиар Ерөнхийлөгч ёсчлох гэхээсээ илүүтэйгээр Тамгын газартаа албан хаагч авч томилж байгаатай адил илүү хувийн сонирхолтой оролцох хэв маяг руу орсон. Энэ бол үе үеийн Ерөнхийлөгч нарын эрх мэдлээ тэлсэн арга зам. Энэ арга замыг хязгаарлах нь оновчтой. Шүүгч хэн нэгний үүрэг даалгавраар томилогдохоосоо илүүтэйгээр Засгийн газар, улстөрчдөөс ангид, бие даан ажиллах баталгаа нь Ерөнхийлөгч болсон байдлаар ёсчлох нь зохимжтой гэж АН-ын байр суурьтай байна. Хариуцлагын тухайд Ерөнхийлөгчид шүүгчид хариуцлага тооцох эрх мэдлийг Үндсэн хуулиар өгөөгүй. Энэ удаагийн өөрчлөлтөөр хариуцлага тооцох эрх мэдэлтэй болно гэж бодож байгаа бол зохимжгүй. Томилдог суббъект нь шүүгчид хариуцлага тооцдог байна гэдэг хараат бус байдал нь алдагдана. Тийм учраас Ерөнхийлөгчийн Хариуцлагын хороо байна гэдэг саналыг дэмжиж байна. Гэхдээ энэ хариуцлагын хороо ямар нэг байдлаар Ерөнхийлөгчтэй уягдаагүй байх ёстой зарчмыг барих ёстой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ