Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бол хамтын бүтээл

12:00 цаг:
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хүрээнд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох сэдвээр хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэв. Тэрбээр:
-Өчигдөр УИХ-ын 99 гишүүнтэй болохыг дэмжиж байсан нам өнөөдөр шинэчилсэн Үндсэн хуультай болохыг санал болгож байна. Энэ хуулийн төсөл нэг парламентын 64 гишүүнтэй намын боловсруулсан төсөл биш. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бол гурав, дөрвөн парламентаар боловсруулагдаж, улс төрийн гацаа, саад бэрхшээлийг давах гэсэн хамтын бүтээл. Ийм ч учраас Ерөнхийлөгч өөрийн саналаа өргөн барьсан. Асуудлыг сөрөг хүчин, улс төрийн намуудыг сонсож, хүндэтгэж байна. Сөрөг хүчин бүх асуудалд санал нийлэх албагүй. Гэхдээ үүний цаана Монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн болохыг хүсч байна. Гадаадын хөрөнгө оруулагчид байгалийн баялагтаа эзэн байх заалтыг эсэргүүцэж байгаа талаар зарим сурвалж хэлж байна. Бид энэ өөрчлөлтөө хийх ёстой. Эрдэмтэн судлаачид энэ Үндсэн хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улсын эрх ашгийн төлөө хийж байгаа өөрчлөлтөд ойлголцох ёстой.
Нутгийн удирдлагын асуудал хамгийн ээдрээтэй асуудал. Дэлхийн Үндсэн хуульд нутгийн удирдлагын тогтолцоогоор хотыг хоёр янзаар Үндсэн хуулиндаа тусгадаг. Чимид гуай Монголын өвөрмөц онцлог дээр тулгуурлаж, хотыг хуульчилсан байдаг.
Байгалийн баялагтаа эзэн байж, парламент, Засгийн газар хариуцлагатай байх ёстой. Тодорхой өөрчлөлтүүд дээрээ санал нэгдэхийг уриалж байна. Харилцан ойлголцож эв нэгдлийг эрхэмлэе хэмээлээ.
Иргэд Засаг даргаа сонгоно
10:30 цаг:
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Өнөөдөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох сэдвийг хөндөж байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байна. Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.
Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ дахин давтан хэлээд байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандах, мэдлэг туршлага, оюуныхаа хүч боломжийг бүрэн дайчлахыг Та бүхэндээ сануулан уриалж байгаа хэрэг юм шүү.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, “зарим Засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.
Миний зүгээс “нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх” зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн болон ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.
“Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого гэдгийг давтан хэлэхийн зэрэгцээ өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
Дараагаар нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг холбогдох удирлагууд танилцуулж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг танилцуулав. Тэрбээр:
-Хот байгуулахад ямар зэрэг зиндаатай байх вэ гэдгийг УИХ шийднэ. Хот аймгийн зиндаанд хүрсэн учир хотын захирагч гэдэг хүн орж ирнэ. Аймаг, хот, нийслэл, багийн Засаг даргыг таван жилийн хугацаагаар сонгоно гэж Ерөнхийлөгчийн төсөлд тусгасан. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жилийн хугацаагаар сонгох заалт тусгасан байгаа. Сум, дүүргийн Засаг даргыг иргэд нэр дэвшүүлж, Иргэдийн хурал батална. Иргэд өөрөө Засаг даргаа сонгосныг дээд шатанд батална гэсэн үг гэлээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ