Дэлхийн дулаарал: Нэг хэсэг нь ЖИВЖ, нөгөө хэсэг нь АНГАЖ байна 
2019-07-26

Өнгөрсөн жил Оросын нэгэн цахим хуудаснаас  “Цаг агаарыг хараад байх нь ээ Бурхан хүн төрөлхтнийг шатааж  алах уу эсвэл живүүлж алах уу гэдгээ шийдэж чадахгүй байгаа бололтой ” гэсэн таагүй хошигнол уншиж байв. Үнэндээ анх уншихад таагүй сэтгэгдэл төрөх хэдий ч сүүлийн жилүүдэд байгаль эхийн гаргаж буй араншин  хүн төрөлхтний үйлдлийнх нь шийтгэл гэлтэй, нэг талд аадар орон үерлэж хот тосгодоороо живж байхад, нөгөө талд ган гачгийн улмаас ундны ус, идэх хүнсгүй өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр... 


Энэтхэг: Усны хомсдлын араас гамшиг нүүрлэсэн Энэтхэг


Тавдугаар сарын дунд үеэс л эхэлсэн аагим халуун үргэлжилснээр Энэтхэгийн хэд хэдэн мужид ган гачиг нүүрлэн ундны усны хомсдолд орсон тухай мэдээлэл өнгөрсөн сард гарч байв. Ер нь ч энэ улсын хувьд сүүлийн жилүүдэд ундны усны хангамж хүндхэн асуудал болоод байгаа юм. 


Энэ жилийн тухайд тав, зургаадугаар сард хэт өндөр халсны улмаас олон нуур, хатаж, хөрсний ус шавхагдснаар тариалалтын төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж, усны хямраал орон даяар нүүрлэснээс Махараштра, Тамилнад, Карнатака, Телингана болон Андхра-Прадеш мужуудад илүү хүнд цохилт болсон гэнэ. 


Тэр дундаа Тамилнад мужийн нийслэл, Энээтхэгийн зургаа дахь том хот болох 8 сая хүн амтай  Ченнаи хотод нөхцөл байдал хурцаджээ. 


Усны хомсдлын улмаас энэ том хотод өнгөрсөн сард төрийн байгууллагууд, зоогийн газрууд, зочид буудлууд түр зогсож,  хотын албанаас усны хангамжийг 40 хувиар бууруулахаас аргагүй болсон бол хотын оршин суугчид алслагдсан нутгуудаас цистернтэй ирэх ус хүлээн аагим халуунд олон цагаар зогсох болсон талаар ВВС мэдээлж байв. Өнгөрсөн сард 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгийн 600 сая хүн усны хомсдолд орсон байна.


Энэ үеэр мужийн засгийн газар хүмүүнлэгийн сүйрлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн онц чухал арга хэмжээ авалгүй муссоны борооны улирал удахгүй болно гэж найдан хүлээж байв. 


Тэдний найдвар талаар болсонгүй, үнэхээр л муссоны борооны улирал Энэтхэгт ирлээ. Гэвч хүсэн хүлээсэн муссон багагүй хор уршгийг араасаа дагуулав. 


Ердөө сүүлийн долоо хоногт  дуу цахилгаантай аадар ихээр орж буй Бихар, Жаркханд мужуудад 51 хүн аянганд цохиулж амиа алджээ. Зургаадугаар сарын сүүлээр муссон / Муссон нь дэлхийн цаг агаарын агаарын температурын зөрүүгээс шалтгаалсан улирлын тогтвортой салхи / Өмнөд Азийг чиглэсэн бөгөөд сүүлийн 10 жилд тохиосон хамгийн хүчтэй салхи гэж цаг уурчид мэдэгдэж байгаа юм. Дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Өмнөд Азийн орнуудад тээврийн харилцаанд хүндрэл учирсны дээр олон барилга байгууламж нурж, хүний амь нас эрсэдсэн тохиолдол нэг бус удаа гарчээ. 


Европын нохой гаслам халуун 


Энэ зун зөвхөн Ази төдийгүй Европт “нохой гаслам халуун” өдрүүд олонтоо тохиож байна. Хэд хоног амьсгаа авах чөлөө өгсөн ч долоодугаар сарын 25-наас дахин халуун өдрүүд тохионо гэж  цаг уурчид сэрэмжлүүлжээ. 


Энэ зун Герман, Голланд, Бельгид хэт аагим халуун өдрүүд бүртгэгдсэн бөгөөд зарим газарт 40 хэм хүртэл халсан бол долоодугаар сарын 25-нд Францын Парис хотод +40 хэм хүрч халжээ. 

Итали, Герман, Бельги, Нидерланд улсууд аюулын улбар шар түвшин Бельгийн зарим төрийн байгууллагууд ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвлөсөн бол зарим нь ажлын цагийг цөөлсөн байна.  Францын тухайд халууны улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эрх баригчид хүүхдүүдээ машиндаа үлдээхгүй байхыг анхааруулж, гэрийн тэжээмэл амьтдыг өдөр зөөвөрлөхийг хоригложээ. 


Хэт халууны улмаас голын ус халсан тул  Францын цахилгаан эрчим хүчний дөрөвний гурвыг үйлдвэрлэдэг Electricite de France станцын реакторуудыг хөргөх боломжгүй болж улмаар энэ станц  үйлдвэрлэх эрчим хүчээ бууруулахаас аргагүй болсон гэнэ. 


Хөрш оронд болсон үер 

ОХУ-ын Эрхүү мужид зургаадугаар сарын 25-аас үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер болж, суурин газрууд усанд автан, онцгой байдлын горим тогтоосон юм. Аадар борооны улмаас гол мөрний усны түвшин дээшлэн, үер болсны улмаас  тус мужийн 55 сууринд  9.8 мянган хүн амьдардаг 3.3 мянган байшин, 3.5 мянган эдлэн газар, 13 гүүр, автозамын хэсгүүд усанд автжээ. Энэ үерийн улмаас Эрхүү муж 31.2 тэрбум рублийн хохирол амсчээ. 


Дэлхийн дулаарал халуун орнуудыг туйлдуулна  


Дэлхийн дулаарал нэмэгдэх нь Норвеги, Швед зэрэг хойд зүгийн орнуудад ашигтай харин Нигер, Энэтхэг зэрэг дулаан уур амьсгалтай орнуудын эдийн засгийн өсөлтийг бууруулах байдлаар дэлхийн эдийн засагт нөлөөлнө гэж Стэнфордын их сургуулийн эрдэмтэд судалгаандаа дүгнэжээ. 


Энэ судалгаанд дурдснаар, 1961-2010 оны хооронд дэлхийн дулаарлын улмаас ядуу буурай орнуудад нэг хүн амд ноогдох ДНБ 17-30 % буурсан бол баян болон буурай орнуудын  ДНБ-ий хоорондын ялгаа 25% болсон байна. 


“Хүмүүс эрүүл байсан нөхцөлд хөдөө аж ахуйн тариалалт илүүтэй үржил шимтэй байна, мөн бид хэт халуун мөн хэт хүйтэн биш нөхцөлд илүү сайн ажилладаг. Өөрөөр хэлбэл бага зэргийн дулаарал хүйтэн уур амьсгалтай орнуудад тустай байж мэдэх хэдий ч одоо халуун цаг агаартай газруудад сөрөг нөлөө үзүүлэх юм” хэмээн эрдэмтдийн мэдэгдэлд өгүүлсэн байна. 

Мөн дэлхийн дулаарлын улмаас цөлжилт хурдацтай явагдаж байгаа тул услагааны орчин үеийн системүүдийг хөгжүүлэх шаардлагатай гэж олон эрдэмтэн үздэг. 


Хамгийн чухал нь ундны усны нөөцийг хамгаалж, хүрээлэн буй орчноо бохирдуулахгүйн тулд ухамсраа өөрчлөн, байгальтай нийцэн орших хэрэгтэй гэж тэд сануулжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин