Нийтийн өмчийн менежментийг хэн явуулах вэ
2019-07-26

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн  зөвшилцөх ажлын хэсэг байгалийн баялаг, эдийн засгийн асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  оролцогчид асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир:

 

-Үндсэн хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ бол үнэхээр том нийгмгийн хариуцлага. Нуухын авах гээд нүдийг нь сохолчих вий гэж болгоомжлох ёстой. Бид 1990 онд зах зээлийн нийгэмд орчихоод эдийн засгийг төлөвлөөгүй. Бидний хамгийн том алдаа бол хүрэх зорилтоо тодорхойлоогүй. Хоног өнгөрөөх хэлбэрээр аргацааж явсан.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Нийгэм эдийн засгийн урт болон дунд хугацааны хөгжлийг тогтооно гэж угсруулахаар болж өгөхгүй, УИХ-ын гишүүд саналын зөрүүтэй байр суурьтай байсан юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд байгаа. Хэлэлцүүлгийн явцад нэг тийшээ болж шийдэгдэх байх.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Балдан-Очирын дүгнэлттэй Ерөнхийлөгч санал нэг байгаа. Зах зээл бүхнийг зохицуулна гэж хэлээд төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжсэн улсад шахалт үзүүлээд байдаг байсан. Одоо больж байх шиг байна. Улс орны онцлогт таарсан зүйл явуулахгүй бол болдоггүй юм байна. Гүйцэтгэх засаглалын сэдэвт энэ асуудлыг дурдсан. Засгийн газар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалд нийцсэн тогтвортой хөгжлийн бодлого явуулна гэж заасан байгаа.  Байгууллага байгуулах ёстой. Төсвөө нэмсэн байх ёстой гэсэн хялбар зүйлийг хийж өгсөн.

 

УИХ-ын гишүүн асан Л.Цог:

 

-Сүүлийн үед Монголбанк хараат бус байна гэсэн асуудал өргөн яригдаж байна. Хэнээс  хараат бусын томъёолол гэж хараад байна вэ. Үнэн хэрэг дээрээ дэлхийн мөнгөний эздийн сүлжээнд орчихоод, манайх хамааралгүй мэт болоод байна. Мөнгөний тогтвортой байдлыг хангадаг заалт оруулж болохгүй юу?

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд Монголбанкнаас ирүүлсэн саналыг тусгасан. Ерөнхийлөгч үүнийг  уламжилсан.

 

БНН-ын дарга Б.Жаргалсайхан:

 

-Хуулийн төслийн өөрчлөлтийг хийхдээ үг, үсгийн араас хөөцөлдөх нь сайн зүйл биш. Нийтийн өмчийн менежментийг явуулахын тулд төр удирдан зохион байгуулж, менежментийг нь авч яваа. Тэгэхээр газрыг төрийн өмчид хамааруулах нь зөв гэж үзэж байна. Хэрэв нийтийн өмч болгочихвол хэн менежментийг нь явуулах вэ, эзэнгүй болно. Миний газар, төр хамаагүй гээд л дураараа авирлана гэсэн үг. Тийм учраас "Төр төмбөгөр, ёс ёмбогор" байсан нь дээр. Харин төрд хариуцлагатай хүмүүс нь орж ажилламаар байна.

 

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

 

-Төрд гарсан гэмт бүлэглэлүүдээс ард иргэдийг яаж хамгаалах вэ гэдэг нь Үндсэн хуулийн туйлын зорилго. Адууны хулгайчаас ард иргэдийг хамгаална гэдэг бол Эрүүгийн хууль. Харин төрд гарсан эрх мэдэлтнүүд гэмт хэрэг хийвэл ард иргэдийг хамгаалахын тулд Үндсэн хууль байна. Өнгөрсөн 27 жил төрд гарсан гэмт бүлэглэлүүдийн үймээн самуун, дээрмийн жилүүд боллоо. Оюутолгой, Тавантолгой, Салхитын орд, Эрдэнэт үйлдвэр зэргийг нэрлэж болно.

 

Үндсэн хуулийг яах гэж өөрчлөх гээд байна вэ гэдэгтээ эхлээд дүгнэлт хийх хэрэгтэй. Төрд гарсан гэмт бүлэглэлүүдээс ард түмнийг хамгаалахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна гэдгээ сана. Хоёрдугаарт, энэ гэмт бүлэглэлүүдийн хамгийн том нь дээрмийн үйл ажиллагаа явуулдаг хэрэгсэл, үүр уурхай нь уул уурхайн баялаг буюу лицензийн наймаа. Эзэнгүй өмчийг л хүн хулгайлдаг болохоос эзэнтэй өмчийг хулгайлдаггүй юм. Тиймээс байгалийн баялгийг эзэмших эзнийг нь тодорхой болго.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин