Түймрийн утаа хэт мэдрэг, архаг хууч өвчтэй хүмүүст шууд нөлөөлнө
2019-07-31

Сибирьт гарсан түймрээс улбаалж Улаанбаатар хот утаагаар бүрхэгдээд байгаа билээ. Ой хээрийн түймрийн утаа Улаанбаатар хотын агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар УЦУОШГ-ын Орчны чанарын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваагаас тодрууллаа.

 

-Орост гарсан түймрийн утаа аль чиглэлээс орж ирсэн бэ?

 

Сибирийн ой шатаж байгаагийн улмаас баруун хойноос салхины чиглэлийн дагуу Эрхүү, Байгаль нуураар дамжин Сэлэнгэ аймгийн нутагт хүрч, Улаанбаатар хотыг утаа бүрхээд байна.

 

-Өнөөдрийн байдлаар агаарын чанарын индекс ямар үзүүлэлттэй байна вэ?

 

-Өнгөрсөн долоо хоногоос өчигдрийг хүртэл агаар цэвэр болон хэвийн түвшинд (0-50) байсан. Харин өнөөдөр өглөөний байдлаар агаарын чанарын бүх хяналтын цэгүүд дээр бага зэргийн бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байна. Тоосонцор болон нүүрстөрөгчийн дутуу эслийн агууламж нэмэгдсэн байна. Энэ нь түлшний болон модны шаталтаас үүсдэг бохирдол илүү илэрч байгаатай холбоотой.

 

-Түймрээс үүдсэн агаарын бохирдол ямар сөрөг нөлөөтэй вэ? Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

 

-Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлнэ. Тэр дундаа зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүст нөлөөлж эхэлдэг байгаа. Тийм учраас хэт мэдрэг, архаг хууч өвчтэй хүмүүс аль болох удаан хугацаагаар гадаа байхгүй байх нь зүйтэй.

 

-Агаарын чанарын индекс хэмждэг 12 байршлаас хамгийн өндөр бохирдолтой байршил хаана байна вэ?

 

Одоогийн байдлаар Мишээл Экспо-д 62, Монгол газар-т 97 буюу агаарын чанарын индекс хэвийн үзүүлэлттэй байна. Харин үлдсэн 10 байршилд агаарын чанарын индекс өнөө өглөөний байдлаар 117-175-ын хооронд буюу бага бохирдолтой байна.

 

-Агаарын чанарын индексээр үнэлэх мэдээлэл тоон үзүүлэлтийг танилцуулвал?

 

-0-50 Цэвэр, 51-100 Хэвийн, 101-250 бага зэргийн бохирдолтой, 251-400 дунд зэргийн бохирдолтой, 401-500 их бохирдолтой, 501-ээс дээш бол маш их бохирдолтой гэж тооцдог байгаа.

 

А.Хулан

Shuud.mn
Сонин хачин
Улаанбаатарынхан утааг мэдрэхээ больсон,
2019-07-31