Хойд хөршөөс таван удаа түймэр орж иржээ
2019-08-01

 

Сибирийн тайгад гарсан түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүж байгааг харуулсан байна. Мөн Монгол Улсын хойд хэсэг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгийг хамарч байгааг харууллаа. ОХУ-ын Красноярск, Эрхүү, Буриад, Якут муж, улсуудад гарч байгаа түймэр хүрээгээ тэлж Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг мэдээллийн агентлагууд онцолж байна. АНУ-ын сансрын хиймэл дагуулын авсан зургаар ц Түймрийн утаа өчигдөр гэхэд АНУ, Канадад хүрэхээр байгааг NASA мэдээлжээ.

 

Сибирийн тайгад гарсан түймрийн талаар Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр  түймрийг унтраах зардал  хохирлын хэмжээнээс давсан. Цөөнгүй нисдэг тэрэг ашиглаж сая гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч тархалт улам нэмэгдэж, унтрах боломж тун багассан. Тиймээс хөрш зэргэлдээ улсаас тусламж авах шаардлагатай байгаа аж. Түүнчлэн түймэр шатаж байгаа газрууд хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ аваагүй нь улам тархахад хүргэснийг Москва Таймс сонин мэдээлжээ. Мөн өчигдрийн байдлаар, Сибирьт гарсан түймрийн утааны улмаас зургаан онгоц Эрхүү хотын нисэх онгоцны буудалд газардаж чадахгүйд хүрчээ. Үүнээс болж гурван онгоц Красноярск руу, хоёр нь Улан-Үд, нэг нь Новосибирск рүү буцжээ.

 

Нисэх буудлын албанаас мэдээлснээр, утаанаас болж Эрхүүг зорьсон 10 нислэг саатсаны дотор Улаанбаатараас “Aero Mongolia”, Красноярскаас “ИрАэро” болон “S7”, Бодайбогоос “ИрАэро”, Бээжингээс “S7” компанийн нислэгүүд багтсан байна.

 

П.Соронзонболд: Тусламж хүсэх болон Улсын онцгой комиссын тушаалаар тусламж үзүүлдэг

 

Улаанбаатарыг бүрчихээд байгаа Сибирийн түймэр Монгол Улсын хилээр орж ирэх эрсдэлтэй эсэх талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Соронзонболдоос тодруулсан юм.

 

-Түймрийн утаа Улаанбаатар болоод манай улсын хойд сумдыг бүрхлээ. Хил давж орж ирэх эрсдэл бий юу?

 

-Бид өдөрт 2-3 удаа хиймэл дагуулын тусламжтайгаар Сибирийн түймрийн нөхцөл байдлыг тогтмол ажиглаж байгаа. Манай хилээс 700 км-ын зайд хоёр сая орчим га талбайг хамран асч байна. Өөрөөр хэлбэл шатаж буй хэсгийн наана нь Эрхүү, Улаан-Үдэ, Чита хотууд бий. Тэгэхээр Монголын хилээр давж орж ирэх аюул тун бага.

 

-Хэрэв түймэр орж ирлээ гэхэд бэлэн байдлыг хэрхэн хангаж байна вэ?

 

-Хиймэл дагуулаар харагдаж байгаа учраас манайд нэвтэрлээ гэхэд, цаг алдахгүй арга хэмжээ авна. Дээр дурдсан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын Онцгой байдлын газартай байнгын холбоотой ажиллаж байна. Гал, усны аюулын үед ажиллах Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгаварууд болон Шадар сайдын тушаал бий. Үүний дагуу ажиллана.

 

-Манай улсын зүгээс түймрийг унтраахад тусламж үзүүлж байна уу. Ямар тохиолдолд алба хаагчид очих вэ?

 

-Өнөөдрийн байдлаар ямар нэг тушаал гараагүй байна. Тухайн улсаас тусламж хүсэх болон Монгол Улсын Шадар сайдаас Улсын онцгой комисст үүрэг өгсөн тохиолдолд ЗХЖШ-аас нисдэг тэрэг авч, бүрэн бүрэлдэхүүнээрээ түймрийн голомтод ажиллана.

 

-Манайх олон улсын аврах багтай болох талаар багагүй яригдсан. Үүрэг гүйцэтгэх баг бүрдсэн үү?

 

-Одоогоор олон улсын аврах багтай холбоотой асуудал шийдэгдээгүй, баг бүрдээгүй байна.

 

-Он гарсаар улсын хэмжээнд хичнээн гал түймэр гарав. Хөрш орнуудаас дамжин тархсан түймэр бий юу?

 

-Оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан. Урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн. Түймрийн улмаас байгаль экологид 23 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449 сая төгрөгийн зардал гаргасан байна. Хамгийн сүүлд долдугаар сарын 11, 12-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд түймэр гарч тав хоногийн дараа унтраасан. Түүнээс хойш түймрийн дуудлага бүртгэгдээгүй. Хойд хөршөөс он гарсаар нийт таван удаагийн түймэр Дорнод, Хэнтий аймгуудын сумдаар дамжин орж ирснийг шуурхай унтраасан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.1  ПҮРЭВ  №152  (6119)

Б.ДАРЬСҮРЭН

Shuud.mn
Сонин хачин