Хонгконгийн эсэргүүцэл: Жагсагчид хүч хэрэглэж, БНХАУ сануулга өгөв 
2019-08-05


Даваа гаригт болсон засгийн газрын эсрэг жагсаалд оролцогчид хэд хэдэн зам хааж, метро болон нисэх онгоцны буудлын ажиллагааг саатуулжээ. Тээврийн хөдөлгөөн саатсны улмаас 100 гаруй нислэг саатсан талаар RTHK радио станц мэдээллээ.


Өглөөний оргил ачааллын үеэр жагсагчид метроны галт тэрэгний хаалгануудыг хааж, галт тэрэгний дуудлагын “түгшүүрийн дохио”-г дарцгаасан байна. Ингэснээр хэд хэдэн замын ажиллагаа саатсны дээр нисэх онгоцны буудлууд руу хүрэх хурдан галт тэрэгний хөдөлгөөн тасалдаж, зорчигчдыг таксигаар явахыг зөвлөжээ. 


Түүнчлэн Хонгконгийн сөрөг хүчнийхэн оршин суугчдыг даваа гаригт ажил хаялтад уриалсан бол эмх замбараагүй байдал хотын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж эрх баригчид сануулсан байна. 


Хүчирхийлэл ба САНУУЛГА 


Ийнхүү өнөөдөр тээврийн сүлжээг саатуулсан жагсагчид бямба гаригаас эхлэн хүч хэрэглэсэн байдалд шилжсэн юм. Хоёр сарын турш амралтын хоёр өдрөөр зохион байгуулагдаж байгаа энэ эсэргүүцлийн арга хэмжээ сүүлийн үед эмх замбараагүй байдалд шилжиж эхлэсэн.

Ням гаригт болсон эсэргүүцлийн арга хэмжээ анхандаа  тайван болж, жагсагчид дуулж, хөгжим  тоглож байсан бол үдэш болоход хэсэг бүлэг хүмүүс Цагдаагийн хэлтэс болон Харилцаа холбооны хэлтэс рүү дайрчээ.

Маск зүүсэн олон зуун жагсагч Хонгконгийн шинэ нутаг дэвсгэрийн нэгэн дүүрэгт гудамжуудыг хааж, цагдаагийн хэсэг рүү чулуу тоосго шидэн, цонхнуудыг хагалж, хогийн сав шатаан, байшин барилгууд руу будаг цацсны дараа цагдаагийнхан цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.

 
Мөн олныг хамарсан эмх замбараагүй байдалд оролцсон, цагдаагийнхныг эсэргүүцсэн хэргээр 20 гаруй хүнийг ням гаригт баривчилжээ. 


Энэ үйл явдлын үеэр Хятадаас мөн “сануулга” ирсэн юм. Тодруулбал Хятадын мэдээллийн төв  агентлаг “Синьхуа” хүчирхийлэл үйлдэж байгааг буруутгасны дээр БНХАУ-ын Засгийн газар “гараа хумхиад суухгүй, үүссэн нөхцөл байдлыг үргэлжлүүлэхгүй” хэмээн сануулсан байна. 


Эргэн сануулахад, зургаадугаар сард энэ хотод орон нутгийн эрх баригчид БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг шүүхээр оруулахын тулд эх газрын Хятад руу шилжүүлэх зорилготой хуулийн төслийг хэлэлцүүлэх гэснийг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал цуглаан өрнөсөн. Олон нийтийн шахалтаар орон нутгийн захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй гэж мэдэгдсэн ч энэ нь засгийн газрын эсрэг давалгааг зогсоож чадаагүй, тайван замаар эхлэсэн жагсаал улам бүр эмх замбараагүй байдалд шилжиж байгаа юм. 

 

Хонгконг: Эсэргүүцэл нэмэгдвэл Бээжин хяналтаа чангатгаж магадгүй   

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин