Видео: Зэвсгийн агуулахад дэлбэрэлт болжээ 
2019-08-06

Наймдугаар сарын тавны өдөр Оросын Красноярск мужийн Ачинск дахь зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж улмаар гал гарчээ.

Оросын Первый канал сувгийн мэдээлснээр артиллерийн дарьт цэнэг хадгалдаг агуулахад гал гарсан бөгөөд нэг сум дэлбэрсний улмаас ийнхүү дэлбэрэлт үүсчээ. Улмаар  125 болон 152 мм-ийн 40 мянга орчим артиллерийн сум хадгалдаг хоёр талбайд гал гарсан байна. Дэлбэрэлтийн дараа цэргийн ангийн бүх бие бүрэлдэхүүн бөмбөгдөлтөөс хоргодох байранд орсон бөгөөд одоогоор тус нутаг дэвсгэрээс цэргийн албан хаагчдыг нүүлгэн шилжүүлэх нь аюултай байгаа гэнэ.

Гурван цэргийн албан хаагч бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн болд орон нутгийн найман оршин суугч сумны хэлтэрхийд оногдон шархдаж, эмнэлэгт ханджээ. 


Цэргийн албан хаагчдын дундаас нэг хүн ор сураггүй болсон, түүнчлэн хоёр танк, нэг КамАЗ дэлбэрсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан ч одоогоор үүнийг албан ёсоор батлаагүй байна. 


Дэлбэрэлтээс үүдсэн хэлтэрхий 15 километрт цацагдаж, улмаар энэ хэсгийн төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан байна.


Мөн аюултай нөхцөл байдал үүссэн тул ойролцоох суурингууд болон Ачинск дүүргээс 12 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин