БНАСАУ дахин пуужин хөөргөв
2019-08-06

БНАСАУ Өмнөд Хванхэ мужийн дорнод эргээс дахин хоёр пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос авсан мэдээлэлтэйгээр Ёнхап мэдээллээ. 


“Бид нөхцөл байдлыг ажиглаж байна, байлдааны бэлэн байдалд байгаа” хэмээн Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдсэн байна. 


Ёнхап агентлагийн мэдээлснээр Хойд Солонгос бага тусгалтай баллистик пуужин хөөргөсөн байх магадлалтай бөгөөд хөөргөсөн пуужингууд 450 км орчим зам туулсан гэж Японы Коидо агентлаг мэдээллээ. 


Эргэн сануулахад, өмнө нь, наймдугаар сарын хоёрны өдөр БНАСАУ удирдлагатай пуужинтай шинэ тийрэлтэт системийг туршин, уг туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун биечлэн удирдсан юм. Түүнчлэн долоодугаар сарын 25 болон 31-ний өдрүүдэд пуужингийн туршилт хийж байв. 


Хэдийгээр, 2018 оны зургаадугаар сард болсон АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтын дүнгээр Пхеньян цөмийн зэвсэггүй болох үүрэг хүлээн, Вашингтоноос аюулгүй байдлыг хангах баталгаа шаардсан ч хоёр талын дараа дараагийн хэлэлцээр төдийлөн амжилттай болоогүйн улмаас ийнхүү сүүлийн үед Хойд Солонгос дахин пуужингийн туршилт хийх болсон юм. 

 

Г.Бямбасүрэн 
 

Shuud.mn
Сонин хачин