АНУ Монголд пуужингуудаа байршуулахаар бэлтгэж байгаа юу?

Наймдугаар сарын хоёрны өдөр АНУ Дунд болон бага тусгалт пуужин устгах гэрээнээс гарсан бөгөөд ийнхүү гарсан нь Орос гэрээг зөрчсөнтэй холбоотой гэж мэдэгдэж байлаа. Энэхүү гэрээ нь хэлэлцээрийн хүрээнд талууд 500 километрээс 5,5 мянган километр хүртэлх тусгалтай баллистик болон далавчит пуужин зэвсэглэлдээ байлгахыг хориглодог байсан юм. Харин ийнхүү гэрээнээс гарсны дараа АНУ бага болон дунд тусгалтай пуужингуудыг Азид байрлуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхлэсэн.
Тодруулбал, пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарснаас ердөө нэг өдрийн дараа буюу наймдугаар сарын гуравны өдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер аль болох ойрын хугацаанд Азид газар суурьтай дунд тусгалтай пуужин байрлуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Ийнхүү АНУ Ази-Номхон далайн бүс нутагт пуужин байршуулах төлөвлөгөөтэй байгааг Хятад ихээр эсэргүүцэж байгаагийн дээр энэ бүс нутагт дунд тусгалтай пуужин байршуулсан тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа.
Одоогоор АНУ чухам хаана пуужин байршуулах талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа ч шинжээчид төрөл бүрийн таамаглал дэвшүүлж байгаа юм. Тэр дундаас, Оросын “Комсомольская правда” агентлагийн цэргийн тоймч Виктор Баранец АНУ пуужингуудаа байршуулж болох газруудын талаар тоймлон таамаглал дэвшүүлсний дотор, Монголд байршуулж болзошгүй гэж үзсэн байна.
“...АНУ-ын хувьд Монгол улс ашигтай хувьд ашигтай хувилбар байж болох юм. Энэ улсаас дунд тусгалтай пуужин хөөргөвөл Америкийн хоёр дайсан болох Орос, Хятадын нутаг дэвсгэр рүү хүрэх бүрэн боломжтой. Түүнчлэн энэ улсын газрын байрлал нь дунд тусгалтай пуужингуудыг маш гайхалтай байдлаар далдлах боломж өгөхүйц өвөрмөц онцлогуудтай. Түүнчлэн Монголын газар нутаг том, хүн ам нь бага. Хүн ам нь нэг их хөгжөөгүй, сэтгэлгээний хувьд дундад зууны үеийн нүүдэлчид шиг. Феодализмаас социализм руу шилжих гэсэн оролдлого нь, шударгаар хэлэхэд, бүтэлгүйтсэн. Тэгэхээр энэ улсад олныг хамарсан эсэргүүцэл гарна гэх айдас байхгүй, харин цөөн тооны элиттэй учраа ололцчихож болно. АНУ-д үүнд зарцуулах мөнгө хангалттай бий. Тэр тусмаа Монголын элитүүд 1991 оноос хойш барууны талыг баримтлах болсон.Тиймдээ ч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхээс олон жил цааргалж байгаа ” хэмээн тэрбээр ярьжээ.
Цаашлаад тэрбээр Монгол Хятадаас бараа эргэлтийн хувьд хамааралтай байдаг, Чингисхааныг тахин шүтэх явдал газар авч, оросуудыг үзэн ядах хандлага залуусын дунд бий болсон зэргийг дурьдаад Монгол улсын Ерөнхийлөгчийн Вашингтонд хийсэн айлчлалд анхаарлаа хандуулсан байна.
“... Долоодугаар сарын сүүлээр Вашингтоноос маш гайхалтай мэдээ ирсэн. Тэнд Ерөнхийлөгч Трамп Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзжээ. Цагаан ордны мэдээлснээр хэлэлцээрийн гол сэдэв нь худалдаа байсан бөгөөд “Трампын захиргааны төлөөлөгчид Монголд гадаад худалдаагаа төрөлжүүлэхэд нь туслах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна”. Ямар гайхалтай буянтай үйлс вэ! Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Албани эсвэл Буркина-Фасогийн түвшний ДНБ-тэй, дэлхийд доогуурт ордог эдийн засагтай орны гадаад худалдааг төрөлжүүлэх сонирхлыг өөрөөр тайлбарлах аргагүй. Монголын Ерөнхийлөгч Трампын хүү Бэрронд морь бэлэглэснээр Трамп талархлаа ийн илэрхийлсэн байх боломжгүй. Үүний тайлбар нь “Трамп болон Баттулга нар түүнчлэн аюулгүй байдал болон батлан хамгаалахын асуудлаар хэлэлцлээ” гэсэн өгүүлбэрт л оршиж байгаа юм. Газарзүйн байрлалаараа онцлог Монгол улс АНУ-гүйгээр яахан батлан хамгаалахаа цогцлоох билээ! Мөн дээрээс нь Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон саяхан Улаанбаатарт очсон. Тэр ч энх тайванд дуртай гэдгээрээ алдартай хүн дээ. Америк маягийн энх тайванд... ” хэмээн бичсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ