Дутерте: Би хар тамхины наймаачдын толгойг тасдана

Хар тамхины наймаачдын толгойг таслаж, үүнийхээ төлөө шоронд суухаас ч айхгүй байна гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте мэдэгджээ.
“Би хар тамхийг үзэн яддаг. Хар тамхийг тонн тонноор нь зардаг томоохон хар тамхины наймаачдыг, Хятад, Япон эсвэл Малайзийн иргэн байх эсэхээс үл хамааран би толгойг нь тасдана” хэмээн Дутерте мэдэгдсэн байна.
Түүнчлэн үүнийхээ төлөө шоронд суухаас айхгүй байгаа ч шоронд орвол Зул сарын баяраар өөрт нь хоол авчирж өгөхийг гуйна хэмээн ярьжээ. Хэдийгээр хар тамхины наймаачдыг цаазлах ч жижиг наймаачид, зөөвөрлөгчдийг цаазлахгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, 2018 оны есдүгээр сард Дутерте мэдэгдэл хийхдээ хар тамхитай тэмцэж байх үедээ шүүхийн шийдвэр гараагүй байхад хүмүүсийг буудан хөнөөсөн нь “өөрийнх нь цорын ганц нүгэл” хэмээн онцолж байлаа.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүх Дутертег Давао хотын дарга байх үед болон Ерөнхийлөгчийн албан тушаалд очсных нь дараах үйлдлийг мөрдөн шалгаж эхлэсэн юм.
Филиппинд хар тамхитай дайн зарласан эхний хоёр жилд 4,5 мянган хүн хөнөөгдснөөс ихэнх нь хар тамхины наймаачин, донтогч байсан гэж тус улсын Засгийн газар мэдээлдэг. Харин олон улсын шүүх дор хаяж найман мянган хүн амиа алдсан гэж үздэг бол хүний эрхийн байгууллагууд 12 мянга гаруй хүн амиа алдсан гэж мэдээлдэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ