Т.Энхсайхан: Олон овоотын орд Ц.Нямдорж, Г.Алтан нарын гарт орсон

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан цуглаан өнөөдөр (2019.08.08) Хууль зүй дотоод хэргийн яамны гадаа боллоо. Цуглаанд оролцогчид хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, авлига хээл хахуультай холбоотойгоор Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа.
Жагсагчдын төлөөлөгч, хуульч Т.Энхсайхан Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хууль зассанаар Монголын бүх авлигачид хэргээс мултарч байна. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөнөөр өнөөдрийн байдлаар 25 хэрэг хэрэгсэхгүй болж улсад их хэмжээний хохирол учруулаад байгаа. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд тавьж улсад онц их хэмжээний хохирол учруулсан Жастын Ш.Батхүү, Алтжин группын ерөнхийлөгч Г.Алтан тэргүүтэй олон хүн эрх чөлөөтэй болох нөхцөл ирэх 09 дүгээр сард үүснэ. Хөөн хэлэлцэх хугацааг зассан ч хууль буцаан хэрэгжих боломжгүй. Гэхдээ олон улсын жишигт хуулийг буцаан хэрэглэсэн туршлага бий. Тиймээс энэ боломжийг ашиглах хэрэгтэй байна.
Мөн Ц.Нямдорж сайд С.Зориг агсны аллагын хэргийн талаар ярьж олны анхаарлыг өөр тийш нь хандуулж байгаад Олон овоотын ордыг хятадуудад 40:60-ын харьцаатай худалдах гэж байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн. Үүнийг Ц.Нямдорж Г.Алтан нар хуйвалдан хийж байна. Олон овоотын уурхайг Г.Алтангийн нэр дээр шилжүүлсэн. Япон, Америкууд сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар том том орд газруудын нөөцийг тогтоочихдог болсон байна. Гэтэл Ц.Нямдорж сайдын ямар ч ашигт малтмал байхгүй, хоосон гээд байсан Олон овоотын орд газарт Оюу толгойгоос том нөөцтэй, стратегийн орд илэрсэн байна. Ийм том ордыг Ц.Нямдорж, Г.Алтан хоёр авчихсан байна. 2020 оны сонгуулийн өмнө хятадуудаас авах 40 хувьдаа урьдчилгаа авна гэж тохирсон. Тэр мөнгөөр Ц.Нямдоржтонгууд сонгуулиа санхүүжүүлэх гэж байна. Ц.Нямдоржийн 20 хүн л Их хуралд орж ирэх юм бол Монголын төр энэ хүний гарт жинхэнэ утгаараа орно хэмээн ярилаа.
А.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ