Наймдугаар сарын 10-нд Трампын эсрэг жагсахыг Мадуро уриалав 
2019-08-08

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг дэлхий дахины жагсаалд оролцохыг эх орон нэгтнүүддээ уриаллаа. 


“Наймдугаар сарын 10-ны бямба гаригт болох, Дональд Трампын эсрэг дэлхий дахины жагсаалд урьсан Боливарын ард түмний конгрессын урилгад би нэгдлээ. Дэлхий даяар, олон нийтийн сүлжээгээр энэ жагсаалд нэгдэхийг Венесуэлийн ард түмэнд хандан уриалж байна. Үнэн ил болог”  хэмээн Мадуро мэдэгджээ. 


Түүнчлэн тэрбээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ АНУ-ын зүгээс тавьсан шинэ хориг арга хэмжээг шүүмжлээд, хоригоос үүдэх үр дагаврыг даван гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 


“Венесуэлийг зогсоож чадах нэг ч гүрэн, гүйцэтгэх засаглал эсвэл бүслэлт гэж дэлхий дээр байхгүй” хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. 


Эргэн сануулахад, сүүлийн жилүүдэд Венесуэлийн эдийн засаг хямралд орж, улмаар сөрөг хүчнийхэн үүнд эрх баригчдыг буруутгах болсон юм. Ингээд  энэ оны нэгдүгээр сарын 21-нд Венесуэлд олныг хамарсан эсэрүүцлийн жагсаал болж, Үндэсний ассамблейн тэргүүн, сөрөг хүчний удирдагч Хуан Гуйадо өөрийгөө тус улсын түр ерөнхийлөгч хэмээн зарлаж байв. 


Улмаар АНУ тэргүүтэй барууны орнууд Хуан Гуайдогийн статусыг хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, БНХАУ зэрэг хэд хэдэн орон Николас Мадурог хууль ёсны ерөнхийлөгч хэвээр гэж үзсэн. 


Мөн АНУ Николас Мадурог төрийн эрхээс холдуулахын тулд Венесуэлийн эсрэг олон хориг тавьсаар байгаа. 


Энэ үеэс хойш жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал тасралтгүй болж, улс төрийн хямрал өмнө нь нүүрлээд байсан эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлж, Венесуэлийн олон сая хүн наад захын хэрэглээний бараа, ундны ус, цахилгаан эрчим хүчний хомсдолд орсны улмаас эх нутгаа орхин олноор дүрвэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин