Видео: Цэргийн полигонд дэлбэрэлт болж, 2 хүн амиа алдав 
2019-08-09

 

Наймдугаар сарын наймны пүрэв гаригт Оросын Архангельск муж дахь полигонд пуужингийн тийрэлтэт хөдөлгүүр дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн хүнд хөнгөн гэмтэл авсан талаар Оросын Батлан хамгаалахын яам мэдээлснийг Итар ТАСС дамжууллаа. 


“Дэлбэрэлтийн улмаас Батлан хамгаалахын болон боловсруулагч үйлдвэрийн төлөөлөгчид болох нийт зургаан хүн гэмтэл авсан. Хоёр мэргэжилтэн авсан шархаа даалгүй нас барсан. Гэмтэж шархадсан хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байна” хэмээн Оросын БХЯ мэдэгджээ. 


Гэнэтийн ослын шалтгаан нь шингэн тийрэлтэт хөдөлгүүр дэлбэрсэнтэй холбоотой гэж Оросын БХЯ-ны хэвлэлийн алба онцолсон байна. 


“Оросын Батлан хамгаалах яамны Архангельск дахь полигонд шингэн тийрэлтэт  хөдөлгүүрийг турших үед дэлбэрэлт болж, улмаар шатсан” гэж мэдэгдэлд дурджээ. 


Мөн дэлбэрэлтийн улмаас “агаар мандалд хортой бодис огт цацагдаагүй, цацрагын түвшин хэвийн байгаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна. 


Хорт бодис цацагдаагүй, дахин аюул тулгарах нөхцөл байхгүй учрас Северодвинскийн хүн амыг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн тухай Архангельск мужийн захирагч Игорь Орлов мэдэгджээ. Хэргийн газарт эрүүл ахуйн тусгай хэлтсийнхнийг илгээсэн байна. 


Полигоны тухай товчхон: 

 

  • Дэлбэрэлт болсон газар нь Архангельск мужийн Северодвинскийн Нёнокса суурингийн нутаг дэвсгэрт байрладаг байна. 
  • Тэнгисийн тив алгасах пуужин, далавчит болон зенит пуужингийн комплекс турших зориулалттайгаар энэхүү полигон анх 1954 онд байгуулагджээ. 
  • Байгуулагдсан цагаас хойш 50 гаруй жилийн хугацаанд баллистик пуужинтай стратегийн пуужингийн зэвсэглэлийн 20 гаруй төрлийг туршиж, баллистик болон далавчит пуужинг 2.5 мянга гаруй удаа хөөргөсөн байна.

Ийнхүү полигонд дэлбэрэлт болсон нь сүүлийн хэдхэн хоногт ОХУ-ын Батлан хамгаалах салбарт гарсан хоёр дахь дэлбэрэлт байлаа. 


Өмнө нь, наймдугаар сарын тавны өдөр Оросын Красноярск мужийн Ачинск дахь зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж гал гарсан юм. Артиллерийн дарьт цэнэг хадгалдаг агуулахад нэг сум дэлбэрсний уршгаар дэлбэрэлт үүсч, гал гарсны улмаас 125 болон 152 мм-ийн 40 мянга орчим артиллерийн сум хадгалдаг хоёр талбайд гал тархсан байна.

Энэ дэлбэрэлтийн улмаас гурван цэргийн албан хаагч бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн бол орон нутгийн найман оршин суугч сумны хэлтэрхийд оногдон шархдаж, эмнэлэгт ханджээ. Мөн аюултай нөхцөл байдал үүссэн тул ойролцоох суурингууд болон Ачинск дүүргээс 12 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Teneg medeelel:
Ter orosiin ym bidend ymar haama bna neeh hudlaa sirtei garchig ogno tanai setguulch nar ehleed naad oguulber zuigee anhaar
2019-08-12
Монгол:
Ачинскт 1990 ээд онд мөн их олон дээрэмчин цагдаа нар бужигнадаг ,монголчуудыг үзэн яддаг оросууд зөндөө байдаг байсан газар болохоор таатай мэдээ байна.ккк.Дандаа Сибирийн хүн амь хүнд гэмт хэрэгтэнгүүдийг цөлдөг байсан,удам муутай оросуудын эх өлгий.
2019-08-10
Булаах эз:
Цацраг нь нэмэгдсэн шүү дээ.
2019-08-09