“Coal Mongolia-2019” нүүрсний боловсруулалтын технологийг танилцуулна
2019-08-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулагдсаар ирсэн “Coal Mongolia” чуулга уулзалт ес дэх жилдээ ирэх есдүгээр сард зохион байгуулагдах гэж байна.

 

Энэ удаад “Өрсөлдөөнд манлайлъя” уриаг дэвшүүлсэн нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2019” чуулга уулзалт ирэх сарын 5, 6-нд болох юм.

 

Чуулганы эхний хэсэгт Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийг хэлэлцэх юм. Мөн нүүрсний боловсруулалтын технологийг энэ үеэр танилцуулна. Нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт, эрчим хүчний нүүрсний цахилгаан станцын шинэ төслүүдийн талаар хэлэлцэх аж.

 

Тус чуулганыг уул уурхайн зөвлөх үйлчилгээний “Гложекс” компанийн ерөнхий захирал, эдийн засагч Л.Наранбаатар үүсгэн байгуулж, 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Харин энэ жилээс тус арга хэмжээг “Монгол нүүрс ассоциаци”-д шилжүүлж буй. Ингэснээр Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх эл чуулга уулзалтыг цаашид “Монгол нүүрс ассоциаци” зохион байгуулахаар болсон. Өнөө жил чуулганы Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол нүүрс ассоциаци” хамтран зохион байгуулагчаар БНХАУ-ын Нүүрсний тээвэр, худалдааны ассоциаци ажиллаж буй.

 

Чуулганы Ерөнхий зохион байгуулагч “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Бид чуулганы орлогоор нүүрсний салбарын бодлогын судалгааг санхүүжүүлнэ. Энэ жилээс манай ассоциаци “Coal Mongolia-2019” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллах болсон нь бидэнд асар их хариуцлага, итгэл өгч байна. Жил бүр 3000 орчим гадаад, дотоодын зочид төлөөлөгч энэ арга хэмжээнд ирж оролцдог. Зүүн Азийн уул уурхайн томоохон арга хэмжээг цаашид нэр хүндтэй авч явах үүрэг, хариуцлага бидэнд ирсэн” гэв.

 

Түүний хувьд “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирлын ажлыг аваад удаагүй билээ. Чуулга уулзалтын үзэсгэлэнгийн талбайн борлуулалт дууссан бөгөөд бэлтгэл ажил үргэлжилж байна. Нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Энержи Ресурс” компани ажиллахаар болжээ. Харин дэмжигч байгууллагаар Монгол дахь Австралийн худалдааны танхим, Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, Британийн Элчин сайдын яам ажиллаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин