БНХАУ: Хар салхины улмаас 43 хүн амиа алджээ

Бямба гаригт Хятадын дорнод хэсгийг дайрсан “Лекима” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 43 болсон бол 17 хүн ор сураггүйд тооцогдож байгаа талаар Хятадын төв телевиз мэдээллээ. Өмнө нь 32 хүн амиа алдаж, 16 хүн ор сураггүй болсон гэж мэдээлж байсан юм.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Вэньчжоу хотын Юнцзя гацааных бөгөөд энд хөрсний нуралт болж, голыг боосны улмаас үер болсон байна. Байгалийн гамшиг тохиосон бүс нутагт таван сая гаруй хүн байснаас нэг сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Хар салхины улмаас хөдөө аж ахуйн зориулалтын 173 мянган га газар усанд автаж, үүнээс үүдсэн эдийн засгийн шууд хохирол 2,1 тэрбум долларт хүрсэн тухай Хятадын төв телевиз мэдээлсэн байна.
“Лекима” хар салхи нь 2014 оноос хойш Хятадад гарсан хамгийн хүчтэй салхинд тооцогдож байгаа бөгөөд аюулын хамгийн өндөр түвшнийг зарласан юм.
Энэ жил Номхон далайд дэгдсэн ес дэх хар салхи болох “Лекима” пүрэв гаригт Японыг дайрч,баасан гаригаас эхлэн Хятадыг дайрсан бөгөөд улмаар ОХУ-ыг чиглэсэн байна.
Улмаар Оросын Приморийн хязгаарт хар салхины улмаас түгшүүр зарлан, хүчтэй аадар бороо орж, салхи ширүүсч, нутаг дэвсгэр, зам усанд автах эрсдэлтэйг цаг уурчид анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ