ХААН Банк ажилчдадаа зориулан “амьд” номын сан байгуулжээ
2019-08-12

 

Оффисын орчноос тэс өөр нөхцөлийг бүрдүүлсэн нэгэн гайхалтай номын санг ХААН Банк ажилтнууддаа зориулан шинээр нээлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр зочин илтгэгчид хүрэлцэн ирж, ХААН Банкны ажилтнуудтай чөлөөт ярилцлага хийсэн юм.

 

Бусад номын сангуудаас ялгарч эрс шинэчлэл хийн, өвөрмөцөөр сэтгэсэн сонирхолтой зүйлс олон байсан нь энэхүү номын санг орчин үеийн интерьерийн сонирхолтой шийдлээр тохижуулж, үзэсгэлэнт байгалийн сайханд амарч суугаа мэт мэдрэмж төрүүлэхээр болгосон нь тун сонирхолтой санагдав.

 

 

Номын сангийн үүдээр ороход оффист бус, амьд байгальд орж ирж буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр засаж янзалсан нь анхаарал татаж байлаа. Хиймэл биш жинхэнэ амьд ургамал, байгаль модны өнгөтэй хана нь тун тухтай мэдрэмж төрүүлж байв.

 

Шинэ номын сангийн талаар ХААН Банкны Өмчийн харилцааны газрын төслийн менежер О.Тэмүүлэн “Энэхүү номын санг ажилтнуудынхаа тав тухыг хангах, олон цагаар ажиллаж буй оффисын ажилтнууддаа зориулж амрах, илүү шинэлэг мэдрэмжийг төрүүлэх, ажлын алжаалаа тайлах, өөрийгөө хөгжүүлэх, тухтай орчныг мэдрүүлэх зорилгоор байгуулсан. Мэдээж номын санд тавигдах бүхий л шаардлагыг хангасан дуу тусгаарлагч, гал дэмждэггүй материал болон орчныг чийглэх агааржуулагч зэрэг хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглосон” гэв.

 

 

Энэхүү номын сан нь чөлөөт уншлагын сонголт бүхий зургаан хэсэгтэй бөгөөд хэсэг бүр нь өөр өөрийн онцлогтой. Ингээд ХААН Банкны ажилтнууддаа зориулсан номын сангийн хэсгүүдээс сонирхуулъя.

 

“Free reading zone”

 

 

Номын сангийн цонхон талаар тухтай том буйдангууд болон жижиг ширээнүүдээс тавьсан байх агаад тухайн хэсгийг Free reading zone хэмээн нэрлэжээ. Энд ажилтнууд зөвхөн ном уншаад суухаас гадна уншсан номоо хоорондоо ярилцаж хэлэлцүүлэг хийх боломжтой юм байна.

 

“Study Zone”

 

 

Study Zone хэсэгт цэлгэр том ширээ байрлана. Энд төвлөрч суух шаардлагатай буюу гадаад хэлний шалгалтад бэлдэх, судалгаа хийх үедээ ирэхэд тохиромжтой юм байна. Үүнтэй холбогдуулан номын сандаа ч гадаад хэлний шалгалтад бэлтгэх номнуудыг оруулж өгсөн аж.

 

“Team study zone”

 

 

Хамт олноороо асуудлыг ярилцан санал бодлоо чөлөөтэй солилцох, суралцах шаардлагатай үедээ энэ хэсгийг ашиглах боломжтой. Энэ хэсэг нь дуу чимээ тусгаарлах зориулалтын төхөөрөмжөөр хийгдсэн учир хоорондоо чөлөөтэй ярилцахад ямар ч асуудалгүй.

 

“Mini Theater”

 

 

Бидний сонирхлыг хамгийн их татсан удаах хэсэг бол номын тавиуруудын ард, далд хэсэгт байрлах, нэг талын хана нь тэр чигтээ дэлгэц байхаар шийдсэн “Mini Theater” юм. Энд ажилтнууд хувь хүний хөгжлийн тухай видео үзэж, цахим сургалт зохион байгуулах боломжтой. Өмнө нь ийм бичил театр бүхий номын сантай тааралдаж байснаа санахгүй байна шүү. 

 

“Comfort Zone”

 

 

Бас нэгэн сонирхол татсан хэсэг бол Comfort zone байлаа. Ганцаараа юм бодох хэрэгтэй үедээ энэ хэсэгт суух боломжтой юм байна. Энэ хэсэг нь цонхны урд байрласан байх бөгөөд эргэдэг сандлууд байрлуулж өгснөөрөө чөлөөтэй, тухтай мэдрэмжийг төрүүлж байлаа.

 

“Focusing area”

 

 

Энэ бол төвлөрлийн дээд цэгт очих боломжийг олгосон бас нэгэн онцлог хэсэг. Ажлын шаардлагаар зөвхөн өөртэйгөө ярилцаж, хаалттай орчинд ганцаараа суух шаардлагатай бол энэ хэсэгт сууж ажиллах нь илүү тохиромжтой.

 

Чөлөөт сонголт бүхий энэхүү номын сан нь 500 орчим номын фондтой. Сонголтын хувьд сүүлийн үед залуусын дунд трэнд болж буй номнууд, гадаад хэлний сурах бичгүүд, толь бичиг, утга, уран зохиол, хувь хүний хөгжил, түүх, намтар, бизнес эдийн засаг, бусад гэсэн долоон төрлийн номтой. Үүнээс 200 орчим нь шинэ, 200 гаруй нь хуучин гэнэ. Ажилтнуудаас хандиваар цуглуулсан номнууд ч энд багтаж буй аж.

 

 

 

 

Б.Хулан

Shuud.mn
Сонин хачин