Тасалбарын борлуулалтаар рекорд тогтоосон XMF
2019-08-12

Урт гэзэг, уранхай жийнс. Бүрх малгай, богино жакет. Энэ бол “XMF” буюу “Хуур” хөгжмийн наадмыг  үзэж сонирхохоор цугладаг залуусын гоёл. Тэд том талбайд хөлөө жийж суугаад тоглолт үзэж, гартаа шар айраг барин хөл нүцгэн бүжих нь европ хэв маягийг илтгэдэг.

 

Энэ наадмыг залуус жил өнжин хүлээдэг болсоор даруй гурван жил өнгөрчээ.

 

- “Өө маая гоод 23-нд бороотой юм байна шүү дээ”

 

- Харин ч гоё юм биш үү. Бороонд норж бүжиглээд л хэмээн ярилцах залуу охидын яриаг автобусанд санаандгүй сонссон ч хэзээ болох юуны тухай яриад буйг нь төвөггүй ойлгосон би ч XMF-ийн фэн л дээ.

 

Долоон орны шилдэг DJ Монголд цуглана

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилготой “Хуур” хөгжмийн наадам наймдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэнд” зохион байгуулагдахаар тов зарлагдсан. Залуус XMF-ийн зүг чих тавьж суугаа эдгээр өдрүүдэд наадмын зохион байгуулагч BRB компани, Монгол телевиз, Shoppy.mn сайт болон реппер Рокит Бэй, Энэрэл нар өнөөдөр /2019.08.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Залууст дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой Монголын хамгийн том цар хүрээтэй энэхүү хөгжмийн наадамд энэ жил Канад, Япон, Герман, Тайвань, БНХАУ, БНСУ зэрэг долоон орны DJ нар хүрэлцэн ирж өөрийн сэтээ толилуулахаар болжээ. Тэд захын нэг цэнгээний газрын DJ бус томоохон фестивалиудад тоглодог нэр хүндтэй, эрч хүчтэй уран бүтээлчид тул тусгайлан эх орондоо урьсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Дэлхийн алдарт DJ нар наадмын хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 24-ны өдөр электроник хөгжмийн хөг эгшгээр залуусыг доргиох гэнэ.

 

Харин наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 13-нд дотоодын залуу уран бүтээлчид, нуугдмал авьяасын эзэд, шилдэг хамтлаг, дуучид нэгэн тайзнаа цуглах нь ээ. Тухайлбал

 

Big Gee

Rokitbay

Enerel

MRS,M

Don dior

Wolfizm зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

 

Рокит Бэй: XMF-д дуулах дуртай

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Реппер Рокит Бэй “Миний хувьд XMF-д хоёр дахь удаагаа оролцож байна. Оролцох ч дуртай. Учир нь уран бүтээлч хүний хамгийн их айдаг зүйл бол дуугаралт. Ялангуяа амьд хөгжимтэй дуулахад дуугаралт маш чухал. Энэ тал дээр XMF-д оролцохдоо сэтгэл хангалуун байдаг. “Авьяаслаг Монголчууд” шоуны ард BRB компани олон жил хамтран ажилласан учраас тэдний ур чадварыг мэднэ. Тиймээс санаа зовохгүй байж чаддаг. Миний хувьд хоёр жил уран бүтээлийн ажлаасаа завсарласан. Одооноос эргээд уран бүтээлдээ орж байна. Гэхдээ XMF-ийн тайзан дээр шинэ дуу дуулахгүй. Өмнө нь гаргасан, олны сайн мэдэх дуунуудаа шинэ хувилбар, найруулгаар дуулахаар бэлтгэж байна. Аль болох хүмүүсийн мэддэг “Сахилга сул”, “Бор арьс Гаамп” зэрэг 9-10 дуу дуулахаар зэхэж байгаа. Сонирхолтой сэт гарах болов уу гэж бодож байна” гэв.

 

Реппер Рокит Бэй, Энэрэл нар хамтран “Хуур” хөгжмийн наадмын сүлд дууг дуулжээ. Эл шинэ уран бүтээл тун удахгүй цацагдах юм байна.

 

“Авьяаслаг монголчууд”-ын баг XMF-ийн “асаалттай танк”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

XMF-2019 наадмын ерөнхий зохион байгуулагчаар BRB компани ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Монгол телевиз ажиллаж байна. Монгол телевизээс бэлтгэн хүргэж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Авьяаслаг Монголчууд”, “Войсе” шоуны ард ажилласан авьяаслаг, хүчирхэг баг XMF-ийн ард ажиллаж буй юм байна.

 

Энэ талаар "ХМF" олон улсын хөгмжийн наадмын гүйцэтгэх продюсер Б.Гантөмөр “Манай телевиз “Авьяаслаг Монголчууд болон Войсе шоуны ард ажилладаг багаараа XMF-д ажиллаж байгаа. Гэрэл, дуу, тайзны найруулгын баг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Монгол телевизийн инженер, техник, тайзны ажилчид, зураглаач гээд нийт 70-80 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Бид гурав дахь жилдээ XMF-д ажиллаж байна. Энэ жилийн хувьд хуур хөгжмийн наадмын хөгжим, гэрэл гэрэлтүүлэг, тайзны найруулга тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Үзэгчид юу сонирхож юу хүсч байна вэ гэдгийг бодож, төлөвлөж тайз, гэрэлтүүлэг, дуугаралтыг өндөр түвшинд хийхээр зураг төслийг гарган ажиллаж байна. 1500 гаруй лед дэлгэцтэй. Үзэгчиддээ зориулаад Төв цэнгэлдэхийн хаанаас ч тайзан дээр юу болж буйг тод тодорхой үзүүлэхээр 1500 гаруй лед дэлгэц байршуулахаар ажиллаж байна” гэлээ.

 

00-ын асуудал ОК

 

Одоогоор 8500 орчим тасалбар борлуулагджээ. Энэ нь монголдоо дээд амжилт гэж хэлж болохоор тоо гэдгийг XMF-ийн продюсер Ж.Энхжаргалан онцоллоо. Тэрбээр “Нийтдээ 20 гаруй мянган үзэгч наадмыг зорих болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Наадмын тоног төхөөрөмж гэрэлтүүлэг тайз талбайн тохижилт үзэгчдийн аюулгүй байдал эмнэлэг түргэн тусламж гээд бүхий л зүйлсийг маш сайн нарийн төлөвлөж зохион байгуулсан. Аливаа баяр, тоглолтын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ариун цэврийн байгууламж ачааллаа дийлдэггүй. Энэ асуудлыг бодолцож  наадмын үеэр 20 гаруй хуурай жорлонг нэмэлтээр байршуулахаар болсон” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нэг удаагийн XMF наадмыг зохион байгуулахад тэрбум орчим төгрөг зарцуулагддаг байна. “Гэтэл өндөр өртгөөр босгосон тайзаа ганцхан өдөр тоглоод л буулгах харамсалтай санагддаг. Цаашид бид хип хоп урсгалыг хөгжүүлье, наадмын хугацааг нэмэх зэргээр алс хэтийг төлөвлөж байгаа. Бидний хамгийн том зорилго бол Хуур хөгжмийн наадам дээр дотоодын шинэ авьяаслаг уран бүтээлчдийг илрүүлж гаргахад хамгийн том гүүр болж өгөх зорилгыг өвөртөлдөг. Зорилго маань ойрын 2-3 жилд биелнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг продюсер Ж.Энхжаргалан онцолсон юм.

 

XMF-ийн тасалбар 20,000 төгрөгийн үнэтэй бөгөөд Голомт банкны Social Pay аппликейшн болон Shoppy.mn сайтаар цахимаар захиалах боломжтой юм. Холбоо барих утас: 83017777

 

XMF-чдынхаа хүсэлтийг хүндэтгэж наймдугаар сарын 13-ны өдөр 00:00 цагаас 23:59 цаг хүртэл "SPECIAL" багцыг сунгахаар болсон байна.

 

- Хэрхэн худалдан авах вэ?

 

1. Гар утаснаасаа SocialPay-ээр худалдан авах

 

digital.golomtbank.com

 

2. Shoppy.mn-ээс онлайнаар худалдан авах

 

https://shoppy.mn/products/xmf-2019-shoppy

 

Эрхэм хүндэт XMF-чдаа 11 хоногийн дараа Төв цэнгэлдэхийн үүдэнд 17.00 цагт уулзацгаая.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зайлцгаа сдаанууд....өчүүхэн ч хөдөлмөр эрхэлэхгүй байж юун элдэв хөгжим наадам,худлаа сагсалзсан хүүхэн залуус, тэднийг хөөргөж дэвэргээд, яаж ч юм ямар замаар ч олсон юм мөнгийг нь цуглуулах юм биз дээ
2019-08-13