БНХАУ-ын Ардын банк криптовалют гаргана 
2019-08-13

Хятадын Ардын банк өөрсдийн гэсэн криптовалют гаргахад ойрхон байгаа гэж тус банкны хэлтсийн дарга Му Чанчунь мэдэгдснийг Блүүмберг агентлаг дамжууллаа. 


Эх сурвалжийн мэдээлснээр, цахим валювтыг хэзээ гаргах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч ирэх оноос эхлэн үндэсний цахим активыг бүтээхээр Хятадын засгийн газар ажиллах гэнэ. 


Төв банкнаас гаргах тоон валютын анхны хувилбар хэдийнэ бэлэн байгаа бөгөөд тоон мөнгө судлах бүлэг түүнд зориулсан блокчейн-архитектурыг боловсруулсан гэж Ардын банкны төлбөр, тооцооны шийдлийн хэлтсийн захирал Му Чаньчунь Хятадын санхүүгийн форумын үеэр мэдэгджээ. 


Чанчуний онцолсноор зохих судалгаа болон боловсруулалтыг тус банк 2014 оноос хойш хийж байгаа гэнэ. Хэдийгээр бэлтгэл ажлууд хийгдэж байгаа ч криптовалютыг чухам хэзээ гаргах талаар тодорхой мэдээлэл өгөөгүйн дээр бага хэмжээний төлбөрт цахим мөнгийг ашиглахад саад гарах тул зөвхөн блокчейнээр хязгаарлагдахгүй гэдгийг онцолжээ. 


“Хятадын Ардын банкны тоон валютыг гүйлгээнд гаргахад бэлэн болсон гэж хэлж болно. Тоон валют нь хоёр түвшинт үйлдлийн бүтцийг ашиглах бөгөөд дээд түвшинд Хятадын Ардын банк, хоёрдугаар түвшинд арилжааны банкууд байх юм. Давхар нийлүүлэлтийн систем нь манай орны нөхцөлд тохиромжтой. Энэ нь тоон валютыг аажмаар гүйлгээнд нэвтрүүлэх, арилжааны банкуудын  түвшин дээшлүүлэхийн тулд одоо байгаа нөөц боломжийг ашиглаж болох юм” хэмээн Чанчунь мэдэгджээ. 


Түүнчлэн Хятадын Ардын банк гүйлгээнд бэлэн мөнгийг тоон валютаар солих эрмэлзэлтэй байгаа гэдгийг онцлоод гэхдээ энэ нь мөнгө зээлийн бодлого болон хугацаатай хадгаламжид нөлөөлөхгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 


Ийнхүү тоон валют албан ёсоор нэвтрүүлснээр Хятад улс гүйлгээндээ криптовалют нэвтрүүлж буй  хамгийн анхны томоохон эдийн засгуудын нэг болж болзошгүй байгаа юм. 


Өмнө нь Хятадын Ардын банк биткоин болон бусад өрлийн криптовалютаар арилжааны гүйлгээ хийх, ICO явуулахыг хориглож байлаа. Тиймдээ ч энэ улсад 88 криптовалютын бирж хаагдаж, 85 ICO зогсож байв. 


Ингэж хориглох хүртэл 2017 оны сүүлээс эхлэн Хятад улс дэлхийн криптовалютын гол зах зээлүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн байсан юм. Тухайн үед дэлхийн криптовалютын нийт олборлолтын 80% нь энэ улсад байрлаж байлаа. 


Тооцоолон бодох төвүүд Хятадын алслагдмал мужуудад байрлаж байсан бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүчний өртөг ийм бүс нутгуудад бага байдагтай холбоотой байсан юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин