Найман тэрбум төгрөгөөр 2.6 сая ном хэвлэж сурагчдад түрээсэлнэ
2019-08-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн.

 

Харин дунд, ахлах ангийн сурагчдын үлдсэн 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай. Гэвч номын худалдаа, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс шалтгаалж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байдаг. Зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.

 

Иймд Засгийн газраас өнгөрөгч гуравдугаар сард шийдвэр гаргаж дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон. Энэ талаар БСШУСЯ-ны ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа.

 

-Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах ажил ямар шатандаа явж байна вэ?

 

-Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө сурах бичгээ худалдаж авдаг. Энэ хувьд сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлэх шийдвэр 2019 оны гуравдугаар сард Засгийн газраас гарсан. Үүний дагуу хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд БСШУС-ын сайд Азийн хөгжлийн банкинд хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу тус банкнаас хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд хөрөнгө, мөнгийг шийдвэрлэхээр болсон. Сурах бичгийг хэвлэн нийлүүлэх тендерийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Тендерийн материалыг Азийн хөгжлийн банкинд явуулсан байгаа. Хариу ирсэн даруйд хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулж хэвлэн нийлүүлэх үйл ажиллагаа хийгдэнэ.

 

-Ирэх есдүгээр сарын 1 гэхэд энэ үйлчилгээг эхлүүлж амжих уу?

 

-Ном хэвлэгдэн нийлүүлэгдвэл амжина.

 

-Сурах бичгийг сурагчид хэрхэн түрээслэх вэ?

 

-Өмнө нь 2011-2015 оны хооронд сурах бичгийг түрээслэх туршилт хийж байсан. Тиймээс туршлага бий. Энэ туршлагын хүрээнд үйл ажиллагаа хийгдэнэ. Тухайн ангид хэрэглэх бүх сурах бичгийг хүүхдүүд багцаар нь авна. Багцаар нь авах төлбөрийн тодорхой хувийг нь ашигласны түрээс болгож төлнө гэсэн үг. Тухайлбал зургадугаар ангийн сурагч 12 сурах бичиг хэрэглэнэ. 12 сурах бичгийг 50 орчим мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол түрээсийн журмаар хэрэглэснээр бүх үнийг төлөхгүй 30-40 орчим хувийг л төлөөд авч хэрэглэнэ. Номоо хэрэглээд буцаагаад сургуулийн номын сандаа өгнө. Түрээслүүлж хэрэглүүлсэн ном хуучирсан тохиолдолд дараагийн хүүхэд нь арай бага үнэ төлж ашиглах зарчмаар явагдана. Ингээд дөрвөн жил болоход сурах бичгийн үнэ төлөгдсөн байх учиртай. Уг төлөгдсөн мөнгөөр дахин шинэ ном хэвлэн гаргах схемээр ажиллана.

 

-Ойролцоогоор нэг хүүхэд хичнээн төгрөг төлж ном түрээслэх вэ?

 

-Одоогоор тодорхойгүй байна. Сурах бичгийн үйлдвэрлэлийн бодит үнэ тодорхой болсны дараагаар үүнийг шийднэ.

 

-ЕБС-д нийт хэдэн сурах бичиг ашигладаг вэ?

 

-Нийтдээ 128 сурах бичиг ашиглагддаг. Харин нэг хүүхдийн хэрэглэх сурах бичиг анги ангиас хамаарч өөр. Тухайлбал зургадугаар ангийн хүүхэд 12 сурах бичиг ашиглаж байхад, долоодугаар ангийн хүүхэд 17 сурах бичиг ашигладаг.

 

-Зарим сурах бичиг алдаатай хэвлэгдсэн гэх асуудал яригдах болсон.

 

-Сургалтын хөтөлбөрийн дагуу сурах бичгийг зохиодог. Өнөөдрийн хувьд сурах бичгээ шинэчлээд дуусч байгаа цаг үе таарч байна. Энэ жилийн хувьд сургалтын хөтөлбөрт засан сайжруулалт гэдэг зүйл хийгээд байгаа. Энэ нь зарим ангид агуулга их байгаа бол зарим агуулга бага ангид нэмэх ажлыг хийж байна. Зарим сурах бичигт засвар оруулах ажлыг боловсролын хүрээлэн хийж байна. Үг үсгийн алдаатай сурах бичгийн хувьд Монгол хэл, бичгийн журамласан толь бичиг гарсантай холбоотойгоор засч залруулж дахин хэвлэж буй номондоо оруулсан.

 

Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ эхэлснээр сурах бичгийн хүрэлцээ, хангамж сайжирна гэдгийг хэлж байна. Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр нийт 2.6 сая орчим сурах бчигийг хэвлэн нийлүүлж түрээслэх журмаар ашиглуулах аж. Сурах бичгийн төлбөртэй ашиглуулах үйлчилгээнд ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
хачинбаатар:
за нөхөд өө энэ ёстой зөв шийдвэр шүү. хэвлэлийн компаниуд сурах бичгээ хэвлээд гудамжинд ном зардаг ченжүүдэд өгдөг, цаадуул нь өндөр үнээр дамладаг байлаа. хэвлэийнхнээс асуухаар хэвлэгдэж хараахан гараагүй байна гээд млоиго өмхүүлдэг байсан юм. нэг ч сурах бичгийг гадуур бүү заруул, сургуульд нь өг. хүүхдүүд тэндээс түрээслэг.баатарбилэг сайдад талархлаа илэрихйлье
2019-08-14