Тохиролцоонд хүрээгүй сонгуулийн тогтолцоо зөвшилцлийг гацаав уу
2019-08-14

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх явц үргэлжилсээр байна. Энэ долоо хоногт хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр товлосон ч талууд тохиролцоонд хүрээгүйгээс зөвшилцөл үргэлжилсээр байгаа бололтой.

 

Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг эрх баригчид сөрөг хүчнийгүйгээр хийж, дэмжсэн. Сөрөг хүчин АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын шинэ дэгээр хэлэлцэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, чуулганы хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс эрх баригчид эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үнэмлэхүй олонхиороо хүч түрэн дангаар хийсэн хоёрдугаар хэлэлцүүлэгт бусадтайгаа зөвшилцөл, ойлголцолд хүрэх зайлшгүй нөхцөл үүсээд байгаа билээ.

 

Энэ үүднээс долдугаар сарын эхэнд явагдсан нэгдүгээр хэлэлцүүлгээс хойш сар гаруйн хугацаанд эрх баригчид Ерөнхийлөгч болон УИХ дахь АН-ын зөвлөлтэй уулзалт хийж, зөвшилцөх ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хугацаанд Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хуулийн төслөөр өргөн барьж, АН ч саналаа хүргүүлээд байгаа. УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Сөрөг хүчин “Парламентын засаглалтай  улс Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох. Орон нутгийн төвлөрлийг анхаарч, төрийн эдийн засаг, санхүү, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх” гэсэн үндсэн гурван саналын томъёолол хүргүүлээд байгаа юм. Үүн дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ард нийтийн санал асуулга явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Энэ үүднээс Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн томъёоллоор санал хураалт явуулах хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн билээ. АН-аас хүргүүлсэн хүсэлтийн хариуг УИХ-ын дарга өчигдөр өглөө.

 

 УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1 дэх заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх хуультай. Энэ саналыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах,  саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх үүрэг бүхий Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэгт Та бүхэн ч бас оролцсон. Иймээс Та бүхнийг техникийн ажлын хэсэг буюу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан, мөн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаануудын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсэж, албан бичгийн хариуг хүргүүлж байна” гэдэг хариуг хэллээ.

 

УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт ээлжит хуралдаанаа хийсэн. Гэхдээ зарим асуудалд нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа аж. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд тусгагдсан зарим заалт дээр тохироонд хүрч чадахгүй, зөрчилдөж байгаа аж.  УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацаанд таван жил болгох санал бүлгийн гишүүдийн олонх эсрэг байр суурьтай байгаа юм байна. Тиймээс Зөвшилцөх ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчтэй уулзалт хийж байгаа юм. Харин сөрөг хүчин АН сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хэлбэр дээр Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа мэдэгдсэн.

 

Ерөнхийлөгчийн санал болгосон төслөөр сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж баталвал энэ парламент бүрэн эрхээ дуусгавар болгож, дараагийн сонгуулийг зарлах шаардлагатай. Ерөнхийлөгч ч уг хуулийн төслөө танилцуулахдаа мэдэгдсэн. Харин эрх баригч хүчний тухайд “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн холбогдох хуулийг баримталж байгаа. Тэгээд ч сонгуулийн жилийн өмнө УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлж, “гишүүдийн тоог, бүрэн эрхийн хугацааг нэмж сунгах нь эрх баригчдад халтай. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг батлахдаа Ерөнхийлөгч болон сөрөг хүчинтэй тохироонд хүрэхгүйгээр олонхиороо хүч түрж болохгүй. Тиймээс л зөвшилцлийн ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулж, тохироог үргэлжлүүлж байна. Ерөнхийлөгчийн зүгээс ч зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч гэсэн “цаасан малгай” өмсөх бус саналаа тусгуулах хатуу зарчим баримталж байгаа нь тодорхой.

 

Ямартай ч  тохироо цаашид хэрхэн үргэлжлэхийг ажиглаж байя.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
2018 оны 11-р сарын 19-нд:
Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын 27 гишүүн “МУ-ын ЕС-ыг огцруулах тухай” албан бичгийг өргөн барьсан билээ. Улмаар 2018 оны 11 сарын 30-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар ЕС У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцсон 73 гишүүний 54.8 хувь нь У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжээгүй тул эдгээр 27 гишүүний санаархал нуран унасан билээ. Б.Чойжилсүрэн уг ажиллагааны гол зохион байгуулагчдын нэг төдийгүй У.Хүрэлсүхийн эсрэг сөрөг сурталчилгааны ажлыг санхүү болон удирдлагаар хангагч, мөнхүү улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтрах үүргийг хариуцсан холбогч байсан тухай мэдээлсэн. Тэгвэл тэд У.Хүрэлсүхийг огцруулаад дараа нь ЕС болох хүнийг ч тодруулсан байжээ. Нэр бүхий 27 гишүүн дотроо хэлэлцэн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нарын нэгийг Ерөнхий Сайд болгохоор төлөвлөсөн байв.
2019-08-14