Увс аймгийн 400 хүн цусны даралт ихсэлттэй гэдгээ мэджээ
2019-08-14

 

...Баян-Өлгий аймгийн иргэн Болатынх өвлийн идшиндээ 10-аад бог, нэг үхэр, нэг адуу төхөөрдөг. Махаа ихэнхийг нь давсалж хатаагаад өвөл, хаврын турш, тэр ч байтугай бүр наадам хүртэл нөөцлөн иддэг гэнэ. Казах түмний хүндэтгэлийн зоог болох каз мөн л давс чангатайг бүгд мэднэ. Гэвч уламжлалт энэ хоол хүнс эрүүл мэндэд нь ихээхэн халтай гэдгийг Болат тархинд нь цус харвасны дараа л өөрийн биеэр ухаарчээ. Давсалж нөөшилсөн махан хүнсийг нэгэнт хэрэглээд заншсан учраас тэрээр давсыг өвчинд хүрэх эрсдэл биш гэсэн ойлголттой явсан аж. Харин давсны хэрэглээнээс үүдсэн өвчин амь насанд нь аюултай нөхцөл байдалд хүргэсний дараа л энэ дадал зуршлаа өөрчлөх талаар бодож эхэлсэн байна.

 

Тэгвэл Увсын Улаангомд амьдардаг Батынх чанасан махаа давсан таваг /давсыг нягтаршуулж хийсэн таваг/ дээрээ үрж амталж иддэг. Зөвхөн тэднийх ч гэлтгүй Увс нутгийнхан тэр аяараа шахам ийм өвөрмөц хэрэглээтэй. Мөн өдөр тутамдаа хэрэглэдэг цай нь багагүй давстай. Баян-Өлгий, Увстай залгаа орших Ховд аймгийн иргэдийн дунд мөн давсны хэрэглээ өндөр болохыг холбогдох байгууллагын судалгаа харуулж буй.

 

 

Гурван цагаан хорын нэг гэгддэг давсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвлөснөөс даруй гурав дахин их хэрэглэдэг хүмүүс бол Монголын алс баруун хязгаарын иргэд. Тэр тусмаа Увс, Ховд, Баян-Өлгий аймгийнхан энэ үзүүлэлтээрээ улсдаа байтугай дэлхийд ч дээгүүр орохоор өндөрт бичигдэж явна. ДЭМБ-аас зөвлөснөөр насанд хүрсэн хүний хоногийн давсны хэрэглээ 5 гр-аас хэтрэхгүй байх ёстой. Монголчуудын дундаж хэрэглээ 11 гр бол баруун бүсэд ялангуяа Увс аймагт 13.5-15.4 гр байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс 2013 онд хэвлүүлсэн, “Хүн амын давсны хэрэглээ” судалгааны тайланд дурджээ. Үүнийг тус аймгийн иргэд цайгаа давстай хэрэглэдэг зан заншилтай холбон тайлбарласан байна. Энэхүү судалгаагаар монгол хүний хоногийн хэрэглээний давсны 46.2 хувийг давстай цай, 33.5 хувийг давстай хоол, 20.3 хувийг бусад хүнсний бүтээгдэхүүн эзэлж буй нь хүн амын давсны хэрэглээний эх үүсвэр нь улс орон бүрийн хүнсний хэрэглээний уламжлалт зан заншилтай холбоотойгоор өөр өөр байдгийн тод жишээ хэмээн дүгнэжээ.

 

Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархины харвалт, ходоодны хавдар, ясны сийрэгжилт, цөс чулуужих, бөөрний чулуужилт зэрэг өвчин эмгэг үүсэх гол шалтгаан болдог бөгөөд дээрх аймгуудын хувьд дээрх өвчнүүд ялангуяа зүрх судасны өвчлөл өндөр байгаа юм.

 

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр НЭМҮТ-тэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өнөө жил баруун аймгуудад хэрэгжүүлэхээр болсон нь дээр дурдсан шалтгаан нөхцөлөөс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, аяны хүрээнд иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийж, давсны хэрэглээг бууруулах талаар зөвлөгөө мэдээлэл өгснөөр цусны даралт ихсэлтийг багасгаж, монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмээн үзсэн юм.

 

 

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 онд анх нийслэлийн дөрвөн дүүрэгт, удаах жил буюу 2018 онд төвийн бүсийн дөрвөн аймагт амжилттай зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэн, орон нутгийн эмч нарыг сургалтад хамруулсан байна. Энэ жилийн аян Увс аймагт 6-р сарын 21-нээс эхэлсэн бөгөөд уламжлал ёсоор УГТЭ-ийн зүрх судас, бөөр, мэдрэл, харвалтын тасгийн тэргүүлэх зэрэгтэй шилдэг эмч нараас гадна НЭМҮТ-ийн судлаач мэргэжилтнүүд, мөн аяныг санхүүжүүлэгч ХААН Банк Сангийн ажилтнуудаас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан юм. 

 

Увс аймгийн төв Улаангомын Б.Гиваан баатрын нэрэмжит талбайд 6-р сарын 22-ны өдөр “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баруун бүс дэх нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан. Цусны даралт ихсэлттэй гэдгээ огт мэддэггүй байсан хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрсдэлээ тодорхойлуулснаар цаашид хэрхэн энэ өвчнөөс  сэргийлэх тухай мэдлэг мэдээлэлтэй болж, эрүүл мэндээ хянах боломж бүрддэг нь энэхүү аяны гол ач холбогдол юм. Өөрөөр хэлбэл, ид хийж бүтээх насандаа яваа 30 настай залуу өндөр даралттай гэдгээ анх мэдэж, амьдралын дадал хэвшлээ өөрчлөхгүй бол яваандаа тархинд нь цус харвах эрсдэлтэй гэдгийг энэ аяны үеэр санамсаргүй үзүүлээд эмчийн амнаас сонсож байхтай таарсан. Тиймээс аяны хүрээнд зүрх судасны өвчтэй, өндөр даралттай хүмүүсээс гадна аль болох хөдөлмөрийн насныхан, өөрсдийгөө эрүүл гэж бодож, тэр бүр эмнэлэг зорьж үзүүлдэггүй хүмүүсийг хамруулж, өвчилсөн хойно нь биш, өвдөөгүй байхад нь урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл өгөх, эрсдэлийг нь тодорхойлж, зөвлөгөө өгөхийг эмч нар чухалчилдаг юм билээ. НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд эрүүл зөв хооллолт, давсны зөв хэрэглээ, амьдралын зөв дадал хэвшлийн талаар иргэдэд маш хэрэгтэй илтгэл, танилцуулга хийж байсныг мөн онцлох нь зүйтэй.

 

Аяны нээлтийн урд өдөр УГТЭ-ийн эмч нар болон НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд орон нутгийн 60 эмчид зүрх судасны өвчлөлийн тоо баримт бүхий сүүлийн үеийн судалгаа, эмчилгээний орчин үеийн чиг хандлагын тухай илтгэл танилцуулж, аяны тухай удирдамж чиглэл өгсөн юм. Мэдээж хэрэг аймгийн төвийн хэмжээнд зохион байгуулж буй энэ том аяныг хотоос очсон 10 гаруйхан хүнтэй баг дангаараа хариуцаад хийхэд нүсэр том ажил. Иймд орон нутгийн эмч нарт чиглэл удирдамж, шаардлагатай мэдээлэл хангалттай өгсний үндсэн дээр иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хамтран хийдэг юм байна. Мөн аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийнхэн бүх талаар тусалж дэмжиж байснаас гадна ХААН Банкны тухайн аймаг орон нутгийн салбар нэгжийн ажилтнууд зохион байгуулалтын ажилд тун идэвхтэй оролцож, аяныг үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулж ажиллаж байлаа. 

 

Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны нээлтийн үеэр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаас сэтгэгдлийг нь сонссон юм.

 

Д.Батсайхан: Цаг агаарын эрс тэс байдал, давсны хэрэглээ иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

 

“Манай аймаг хорт хавдрын өвчлөл, дундаж наслалтаар улсын дунджаас нэлээд хойгуур байранд явдаг. Дээр нь улаан хоолой, ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр. Бид үүнийг орон нутгийн цаг агаарын онцлог нөлөөлж байна уу гэж үздэг. Зундаа +40-45 градус халуун, өвөл цагт шөнөдөө -50-55 градус хүрч хүйтэрдэг. Цаг агаарын энэ эрс тэс ялгаа манай аймгийн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болов уу. Дээр нь иргэдийн өөрсдөөс нь шалтгаалдаг нэг онцлог дутагдал байдаг нь давсны хэрэглээ. Увс аймаг чулуун болон нуурын давсаар баялаг. Түүнээс ч болдог уу, уламжлалт хэрэглээ нь давс ихтэй. Хамгийн наад зах нь цайндаа давс хийдэг. Ер нь Монгол Улсын хэмжээнд Увс аймгийн иргэдийн хэрэглэж байгаа давсны өдрийн норм нь өндөр байдаг. Энэ нь ялангуяа зүрх судасны өвчлөлд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтайг манай эрдэмтэд хэлдэг.

 

 

ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Увс аймагт хэрэгжүүлж байсан. Одоо “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-аа нээж байна. Энэ бол яах аргагүй ард иргэдийн тулгамдсан асуудал. Шастины нэрэмжит УГТЭ-ийн эмч нар ирж, урьдчилан сэргийлэх болон нарийвчилсан үзлэг шинжилгээ хийж буй нь Увсын ард иргэдэд маш том боломж юм. Аяныг зохион байгуулагч ХААН Банк, УГТЭ, НЭМҮТ-ийн хамт олонд баярлалаа гэж хэлье”.

 

Увс аймаг Улаанбаатараас 1000 гаруй км-ийн зайтай тул иргэд тэр бүр хот руу зорьж очиж эмчлүүлэх нь ховор бөгөөд УГТЭ-ийн мэргэжлийн эмч нар ирсэн сургаар үзүүлж, зөвлөгөө авах гэсэн иргэд өдөрлөгт олноороо ирсэн байлаа. Ялангуяа аяны гурав дахь өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийх үеэр эмнэлэг тун хөл ихтэй байсан юм. Орон нутгийн эмч нарын хэлж буйгаар Увс аймгаас хүнд өвчтөн онгоцоор тээвэрлэхэд эмч сувилагч, ар гэрийнхэн гээд хамгийн багадаа 5-6 хүн хамт явах хэрэгтэй болдог тул зардал нь их өндөр тусдаг байна. Увсаас зориулалтын эмнэлгийн машинаар өвчтөн хот руу тээвэрлэхэд км тутам нь 2000 төгрөг буюу ирэх, очих зардалд 5.6 сая төгрөг шаардлагатай болсон тухай ч хэлж байв.

 

Харин “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд төвөөс очсон нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлснээр хот явах шаардлагагүйгээр оношоо тодруулж, чухал зөвлөгөө, мэдээллийг газар дээр нь авах боломж бүрдсэнд иргэд тун талархалтай хандаж байлаа. Аяны хүрээнд эмч нарын баг 6-р сарын 22-24-нд Увс аймагт ажиллахдаа орон нутгийн 59 эмчид сургалт зохион байгуулж, 1343 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийн, 187 хүнийг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулжээ. Мөн эмч нар 4-5 өвчтөний оношийг тодруулж, хот руу яаралтай УГТЭ рүү шилжүүлж, эмчлүүлэх заалт бичиж өгсөн байна. Аяны бас нэг үр дүн бол урьдчилан сэргийлэх үзлэгээр Увс аймагт 400 хүн өөрийгөө цусны даралт ихсэлттэй болохоо анх олж мэдсэн байна. Олж мэднэ гэдэг бол өвчин даамжрахаас сэргийлэх боломж бүрдэнэ, даралтаа хянах мэдлэг мэдээлэлтэй болно, эмч нарын зөвлөснөөр даралт ихэсгэдэг амьдралын буруу дадал зуршлаа өөрчлөх боломжтой гэсэн үг юм.

 

Аяны хүрээнд эмч нарын зүгээс Увс аймгийн иргэдэд онцгойлон сануулж байсан нэг зөвлөгөө нь мэдээж хэрэг давсны хэрэглээгээ багасгах тухай байв. Хоолоо давс багатай хэрэглэхээ байг гэхэд наад зах нь цайгаа давсгүй хэрэглэхийг зөвлөсөн. Хэрвээ та ч гэсэн давс чангатай хоол иддэг бол маш олон өвчний суурь болсон амьдралын буруу энэ хэрэглээнээс бага багаар татгалзаарай. Аяны багийнхны дараагийн зогсоол Ховд, Баян-Өлгий аймаг. Удахгүй та бүхэнд энэ тухай нийтлэлийг хүргэх болно оо.

 

Та, бид цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна!

 

                                                                                                                                                Г.Оюунгэрэл

Shuud.mn
Сонин хачин
Увсынхан ходоодны хавдраараа тэгээд тэргүүлдэг гсн аймаар давстай цай уудаг
2019-08-14
Увсын хоол цай гэж амт чанаргүй мөртлөө бөөн шорвог идэж уухын янзгүй юм бдгн билээ
2019-08-14