Шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжлэх төлөвтэй байна
5 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны явцын талаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлэл хийлээ. 

 

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд  холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхлэн хянан хэлэлцэж байна.

 

Шүүх хуралдааны явцын талаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Шүүх хуралдаанд нийт 49 оролцогч оролцож байна. Шүүх хуралдаан эхэлснээс хойш гурван өдрийн байдлаар шүүгдэгч, хохирогч нарыг асуугаад дууссан. Одоогоор гэрч нарыг асууж байна. Маргааш дахин үргэлжлэх төлөвтэй байна.

 

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр прокуророос ирүүлсэн. Үүний дагуу Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна “ гэж,  мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар  шүүх хуралдааныг хаалттай хэлэлцэж байна. 

 

Өчигдөр /2019.08.13/ хохирогчийн өмгөөлөгчийн даралт ихэссэн гэх үндэслэлээр эмчид хандсан. Хохирогч Чимгээ өмгөөлөгчийн хамт эмчид үзүүлсэн. Ухаан алдаж унасан асуудал байхгүй" гэв. 

 

Шүүх хуралдаан болж буй танхим багтаамж багатай. Гэтэл 40 гаруй хүн шүүх хуралдаанд оролцож буй нь агааргүйдэх улмаар биеийн байдал муудах эрсдлийг бий болгож байгаа гэдгийг зарим эх сурвалж хэлсэн. Энэ талаар  "Маш нууцын зэрэгтэй хэрэг учраас цонх онгойлгох боломжгүй. Учир нь мэдээлэл алдагдах магадлалтай. Гэхдээ ойр ойрхон цонхыг онгойлгон буцаан хааж байгаа" гэв. 

 

Шүүх хурал үргэлжилж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин