Замын хөдөлгөөнийг А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хойшлуулжээ


Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байдаг. Үүнээс 420 мянган автомашин идэвхтэй хөдөлгөөнд оролцож байна.
Сар бүр гадаад улс орноос импортоор 5-8 мянган автомашин орж ирдэг гэх судалгаа бий. Жилд 60-80 мянган автомашин нэмэгдэн орж ирж байгаа энэ үед автомашины тоог цөөлөхөөс гадна автомашины хэрэглээний зам байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байгааг гэдгийг албаныхан учирлаж Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах асуудлыг хөндсөн. Улмаар иргэдээс санал асуулга авсан ч иргэдийн ихэнх нь дэмжээгүй байна.
Тодруулбал Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа тухай иргэдийн дунд санал асуулга явуулахад 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан гэдгийг Тээврийн цагдаагий албанаас мэдээллээ.
Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөн хэт ачаалалтай нөхцөл байдал үүссэн. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй л бол хотын хүн ам ихээр төвлөрсөн газруудад тэг зогсолтод орох нөхцөл байдал үүсээд байгаа. Замын хөдөлгөөний хэт их ачаааллыг бууруулахад маш олон арга туршсан. Одоогийн байдлаар бүсчлэлд оруулснаар автомашины хэт их ачааллыг багасгах боломжтой гэж харж байна" хэмээж байсан.
Гэвч иргэд бүсчлэлд хуваах саналыг дэмжээгүй тул өөр хувилбарыг тооцоолж түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахаар болжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ