Трамп: Ерөнхийлөгч болсноор 5 тэрбум ам.доллар алдсан 
2019-08-15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүнээр сонгогдсоны дүнд таван тэрбум ам.доллар алдсан гэж мэдэгджээ. Түүний өгүүлснээр бизнесмений карьераа үргэлжлүүлэхээс татгалзсанаас үүдсэн алдагдсан орлогууд түнчлэн түүний эсрэг өгсөн заргуудад өмгөөлөгч хөлслөхөд гаргасан зардлыг тооцоход энэ хэмжээний мөнгө болж байгаа гэнэ. 


“Энэ суудал (АНУ-н төрийн тэргүүний албан тушаал) гурваас таван тэрбум ам.долларын үнэтэй бололтой. Гэхдээ энэ нь миний санааг зовоохгүй байна. Би Ерөнхийлөгч гэдэг нь өөрөө баялаг ” хэмээн Трамп мэдэгдснийг NBC суваг дамжууллаа. 


Түүнчлэн түүний өрсөлдөгчид нь “өдөр бүр” түүний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул өмгөөлөгчдөд мөнгө их зарцуулж байгаа хэмээжээ. 


Гэвч түүний “алдсан” гэх энэ мөнгөний тоонд итгэхэд бэрх гэж NBC мэдээллээ. Өмнө нь тэрбээр өөрийнхөө хөрөнгийг 10 тэрбум ам.доллар давсан гэж нэг бус удаа мэдэгдэж байсан ч эх сурвалжууд түүний хөрөнгийг ойролцоогоор 3.1 тэрбум ам доллар гэж үнэлдэг аж. 


Трамп 2016 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр татварын баримтуудаа нийтлэнэ гэж удаа дараа мэдэгдэж байсан ч хэлсэн амандаа хүрээгүй юм. Харин үүнийгээ " өмгөөлөгчид нь татварын баримтуудыг дэлгэхгүй байхыг зөвлөсөн" гэж тайлбарлаж байв. Харин 2017 оны тавдугаар сард нэгэн ярилцлагынхаа үеэр Ерөнхийлөгчийн албан тушаалыг орхисныхоо дараа татварын баримтуудаа нийтлэнэ хэмээн мэдэгдсэн юм. 


Трампын хөрөнгө 


Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө л Trump Organization-ы бүхий л албан тушаалаа хөвгүүддээ шилжүүлсэн гэж мэдэгдэж байлаа. Мөн хувьцаануудаа ч бүгдийг зарсан гэж онцолж байв. 


Гуч гаруй жил Форбес сэтгүүлийн дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад тасралтгүй багтсаар ирсэн Трампын хөрөнгө түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед 3.1 тэрбум ам.доллар байсан гэж Форбес мэдээлж байлаа. Харин 2017 оны зун төрийн тэргүүний хөрөнгийг 2.9 тэрбум гэж үнэлсэн бол жилийн дараа 100 сая ам.доллараар буурч, 2.8 тэрбум ам.доллар болсон гэж Блүмберг мэдээлж байв. 


Трамп бизнесийн орлого, нэрийг нь ашигласан номны зохиогчийн эрхийн орлого, “Дэлхийн мисс” брэнд, хувьцаа, усан үзмийн талбай, онгоц, үл хөдлөх хөрөнгө зэргээс дээрх хэмжээний орлогыг олдог байжээ. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин