Галт тэрэг осолдож л байг уу, Жигжиднямаа дарга аа?
2019-08-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Галт тэрэг хамгийн найдвартай унаа хэмээн иргэд хол замын ажил, аяллаа төмөр замынханд даатгах нь элбэг.  Гэтэл сүүлийн жилүүдэд галт тэрэг онхолдсон, осолдсон, замаасаа гарч унасан гэх таагүй мэдээлэл ойр ойрхон сонстож иргэдийн сэтгэлийг чилээх болов. 

 

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 14-ны өдрийн 10.30 цагийн орчимд Төв аймгийн, Баян сумын 3-р багийн нутаг дэвсгэр "Мааньт" өртөө, 521-р километрийн 3-р зуутад Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны 2656-р галт тэрэгний араасаа дөрөв дэх вагон замаас гарч, 5,6,7-р вагон унасан осол гарчээ. Энэ хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа аж. 

 

Ачааны вагон тул азаар хүний амь эрсэдсэнгүй. Гэвч суудлын галт тэрэг замаас гарч осолдсон уйт үйл явдал ердөө жилийн өмнө болсон. Эргэн сануулбал өнгөрөгч 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд зорчин явсан суудлын 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон.

 

Осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтэлтэй гурван хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300,000 /гурван зуу/ мянган төгрөгийн нэг удаагийн тусламж олгохоор “Ган зам даатгал” ХХК шийдвэрлэж байв.

 

Суудлын галт тэрэг осолдсон энэ үйл явдал монголчуудыг төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан осол тул энэ осолд хэн нэгэн хүнийг буруутгаж, хариуцлага хүлээлгээгүй тэгсгээд намжсан. 

 

Мөн өнгөрөгч 2018 оны тавдугаар сард ОХУ, БНХАУ хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон /2018.05.17/ “Дархан-1” өртөөнд осолдсон. Нийт гадаад паркын найман вагон замаас гарсан бөгөөд нэг вагонд ачиж явсан үр тариа асгарсан байв. Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаас гарсан гэдгийг албан бус  эх сурвалж мэдээлж байсан.

 

Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Сайдын 2013 оны дөрөвдүгээр сарын 30-ны А-132 тоот тушаалаар Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэхийг 2013 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн таван жилийн хугацаатай хориглосон. Үүнээс үүдэн дэр модыг солих ажил удааширсан тул 2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулсан ч олон километр замын дэр модыг сольж амжаагүй байсан хэмээн тайлбарлаж байв.

 

УБТЗ-ын Аж ахуйн албанаас авсан судалгаагаар гол болон өртөөний замуудад нийлээд 3721820 ширхэг дэр тавигдсан байдаг бөгөөд төмөр замын их болон урсгал засвар хийхэд жилд нийтдээ 254800 ширхэг төмөр бетон болон модон дэр шаардлагатай байдаг аж.

 

Үнэхээр төмөр замын дэр мод ялзарч муудсанаас улбаалан галт тэрэг ийнхүү осолдох болсон бол даруй арга хэмжээ авч засч сайжруулах ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Үгүй бол дахиад осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэх вий. 

 

Өнөөдөр ачааны вагон осолдлоо. Маргааш дахиад олон нийтийн вагон осолдохыг үгүйсгэх аргагүй. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жигжиднямаа нь төмөр замын дарга юм уу? Осолдсон вагноны машинист юм уу?
2019-08-17
Төмөр замчин:
Дарга хэн байхаас үл хамааран гардаг тохиолдол доо. энэ янзаараа хэн дарга болно тэр хүн рүү ингээд дайраад байвал ийм ажлыг хэн хийхэв дээ
2019-08-16
1111111:
Хаалтын гэрээгээр энэ мэдээг өчигдрөөс хойш нуугаад байгаа даа
2019-08-15
Өгүүлбэр зүйгээ эзэмшээд дараа нь бич дээ:
Гарчгаасаа эхлээд зөв найруулан бичбэл яасан юм бэ? Та хүнтэй хар яриагаар ярьж байгаа биш шүү дээ, бичгийн хэл өөр шүү дээ, ийм амьтад хаана ямар сургууль төгссөн байдаг юм бол доо
2019-08-15
Zochin:
Ene hund hariutslaga tootsooch ee.
2019-08-15
Дэр мод бэлтгэх ажил байгаль орчны яамны сайдын шийдвэрээс болж зогссон байхад жигжиднямд хамаатуулах гээд ядчих юм
2019-08-15
Мэргэжлийн хүн:
Авилгалын хэргээр баригдаад ч, галт тэрэг онхолдуулаад ч онхолддоггүй Жигжиднямаа гэж нэг хүн гараад ирлээ.
2019-08-15