Б.Хурц нарын шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна


С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн.
Шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанд нийт 40 хүн оролцож байгаа. Шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асууж дууссан хурлын явц 60 хувьдаа хүрсэн гэдгийг Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр хэлсэн.
Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,
133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Өмнө нь шүүх хуралдаан /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон билээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ